Ч.Хэрлэнбаяр: Монголын ээжүүдэд урам зориг өгч, хүүхдүүддээ ч үлгэр дуурайлал үзүүлэх үүднээс АНУ-д “Мисс ээж” төрөлд өрсөлдөж байна

Ч.Хэрлэнбаяр: Монголын ээжүүдэд урам зориг өгч, хүүхдүүддээ ч үлгэр дуурайлал үзүүлэх үүднээс АНУ-д “Мисс ээж” төрөлд өрсөлдөж байна

Өнгөрсөн 2021 онд АНУ-ын Калифорни мужийн Редондо эрэгт 33 дахь жилдээ зохион байгуулагдсан АНУ-ын Азийн Миссийн тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлж жүжигчин П.Шүүдэрцэцэг оролцож тэргүүн байр эзэлсэн үйл явдал тохиосон билээ. Тэгвэл энэ жил уг тэмцээний “Мисс ээж” төрөлд анх удаа Монгол ээж нараа төлөөлж Ч.Хэрлэнбаяр оролцохоор болжээ. Иймд бид АНУ-аас түүнтэй холбогдож ярилцлаа.

ВИДЕО:

-Сайн байна уу. Юуны түрүүнд эх орныхоо нэрийг төлөөлж “Miss Asia USA”-д оролцохоор болсонд баяр хүргэе. Манай үзэгч, уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн байна уу. Намайг Ч.Хэрлэнбаяр гэдэг. Би АНУ-ын Калифорни мужид нөхөр, гурван хүүхдийн хамт ажиллаж, амьдардаг. Том охин маань 10 настай. Дунд тав, бага нь гурван настай. Байгалийн ухааны багш, хүний нөөц мэргэжилтэй. Монголдоо байгалийн ухааны багш чиглэлээрээ хоёр жил ажиллаж байсан туршлагатай.

-АНУ-д ажиллаж амьдраад хэр удаж байна вэ?

-Одоогоос долоон жилийн өмнө нөхөр, том охинтойгоо хамт ирж байсан. Одоо жижигхэн бизнес эрхэлдэг.

-Удахгүй болох “Miss Asia USA” тэмцээнд оролцохоор болсон шүү дээ. Яагаад оролцох болов. Тус тэмцээний онцлогийн талаар яриач?

-Сарын өмнө таньдаг хүн маань надтай холбогдоод “та энэ тэмцээнд орвол яг тохирох юм байна. Сонирхоод үзээч” гэсэн учраас сонирхсон. Хамгийн түрүүнд аав, нөхөртөө хэлсэн. Тэд маань намайг маш их дэмжиж урам зориг өгсөн нь оролцоход дөхөм болсон юм. Мөн Монголын бүх сайхан ээж нараа төлөөлж оролцоно гэж бодохоор заавал хичээж оролцох ёстой юм байна гэж бодогдсон. Тэмцээн маань энэ арваннэгдүгээр сарын 19-ний өдөр Лос Анжелес хотноо зохиогдох бөгөөд дотроо гурван ангилалттай явагддаг. Өсвөр насны мисс, хүнтэй гэрлээгүй мисс, хүнтэй гэрлэж хүүхэд гаргасан мисс ээжийн гэсэн гурван төрлөөр явагддаг. Урьд өмнө нь манай улсаас авьяаслаг, сайхан бүсгүйчүүд маань miss teen, miss ангилалд амжилттай оролцож байсан. Жишээлбэл өнгөрсөн жил жүжигчин П.Шүүдэрцэцэг мисс ангилалд тэргүүн байр эзэлсэн. Энэ жил миний хувьд АНУ-д амьдардаг болон дэлхийн өнцөг булан бүрд амьдардаг Монгол ээжүүдээ төлөөлөөд өөрийгөө дайчлаад анх удаа энэ төрлийн тэмцээнд оролцож байна.

-Уг тэмцээнд ямар шалгуурууд тавигддаг вэ. Хэдэн мисс өрсөлдөж байна?

-Энэ жилийн тэмцээний хувьд одоогийн байдлаар 52 мисс оролцож байгаа. Шалгуурын хувьд тэмцээнд оролцож буй эмэгтэй маань анх эхээс төрсөн байгалиараа буюу “natural woman” байх гол шалгуурыг тавьдаг. Мөн ямар нэгэн surgery буюу мэс засал хийлгэсэн юм уу фотокс, филлер шахуулсан байж болохгүй гэсэн зүйл гэрээ нь дээр байдаг.

-Тэмцээний зохион байгуулагчдын зүгээс юуг илүү онцолж байх юм?

-Эх орны нэрээ төлөөлөөд ОУ-ын тэмцээнд орно гэдэг бол маш их үүрэг хариуцлага тэр тусмаа миний орж буй төрөлд анхны Монгол ээж болж оролцож байгаа учраас зохион байгуулагчдын зүгээс надад юу гэж чухалчилж хэлсэн гэхээр “Яг энэ төрөлд оролцож байгаа анхны Монгол ээж учраас маш сайн тэсвэр хатуужилтай байж өөрийгөө дайчилж оролцоорой. Зохион байгуулагчид, спонсор, үзэгчдийн зүгээс танаас Монгол ээжийг харах учраас маш их хичээгээрэй” гэж зөвлөсөн. Угаасаа манай Монгол ээж нар маань маш их эрч хүчтэй, үзэсгэлэнтэй, дайчин мундаг эмэгтэйчүүд байдаг учраас түүнийгээ харуулж хичээх болно оо.

-Багадаа ямар хүүхэд байсан бэ. Загварт анх хэрхэн дурлаж байв?

-Би айлын дунд охин. Миний хамгийн их үлгэр жишээ авдаг байсан хүмүүс бол миний ээж, эгч хоёр. Манайх мөн гурван охинтой айл байсан юм. Ээж маань гурван охиндоо үлгэр дуурайлал болж зааж сургадаг байсан ч бага байхад нас барсан. Эгч маань бас загвар өмсдөг байсан учраас надад их тусалж дэмжсэн.

-Анх энэхүү тэмцээнд орох болоход охидууд нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Манай охидууд маш их баярлаж хүлээж авсан. Эмэгтэй хүн бүр багадаа гүнж, мисс болно гэж боддог шүү дээ. Ээж, эх хүний үүднээс гурван охиндоо үлгэр дуурайлал болж явж байгаадаа өөрөөрөө ч бахархаж байгаа. 

-Эцэст нь охид, бүсгүйчүүд, ээжүүддээ хандаж үг хэлээч?

Эцэст нь бүсгүйчүүд, ээжүүддээ юу гэж уриалмаар байна гэхээр хүнтэй суугаад хүүхэд гаргалаа гээд гоо сайхнаа алдаж, мартагдаж байгаа зүйл огт биш. Харин ч тэр тусмаа үр хүүхдүүддээ боломжийг бий болгож, нээж харуулах үүднээс өөрийгөө хайрлаарай гэж хэлэхийг хүсэж байна.