ВИДЕО: “Старлинк” үйл ажиллагаа явуулах нь нээлттэй гэх ч Л.Энх-Амгалан сайдын тушаалаас болж Монголоос гарсан уу

ВИДЕО: “Старлинк” үйл ажиллагаа явуулах нь нээлттэй гэх ч Л.Энх-Амгалан сайдын тушаалаас болж Монголоос гарсан уу

Дэлхийн алдарт бизнесмен, SpaceX, Tesla Motors зэрэг компанийг үүсгэн байгуулагч Элон Маскын “Дэлхийд интернэтийн сүлжээний хувьсгал авч ирнэ” гэж буй “Старлинк”-ийн салбар компани энэ оны гуравдугаар сар /2022.03.21/-д Монголд байгуулагдсан. Улмаар манай улсад үйл ажиллагаагаа явуулахаар бэлтгэж байна гэх мэдээлэл байсан. Тэгвэл тус ажил аль шатандаа яваа талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал болон Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нараас тодрууллаа.

“Старлинк” нь газраар дамжуулдаг шилэн кабел биш, харин сансрын хиймэл дагуулаас интернэтээр хангах үйлчилгээ юм. Үүнийг мэргэжлийнхэн “нам орбитын хиймэл дагуулын сүлжээ” гэж нэрлэдэг. “Старлинк” Монголд орж ирэх сургаар сайд Л.Энх-Амгалан Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүргийг хавсран гүйцэтгэж байхдаа буюу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-ны өдөр тушаал гаргаж “Монгол Улсад нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад баримтлах чиглэл”-ийг баталсан байдаг. Л.Энх-Амгалан сайдын А/16 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Монгол Улсад нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад баримтлах чиглэл”-ийн 3.2-д “Монгол Улсад нам орбитын хиймэл дагуулын сүлжээг зөвхөн дамжуулах сүлжээг зохион байгуулахад ашиглана” гэжээ.

Энэ заалтаар бол Старлинк Монголын хэрэглэгчдэд интернэтийн үйлчилгээ үзүүлэхийн тулд манай дотоодын компаниудаас интернэт авч “зөвхөн дамжуулах” ажлыг хийж магадгүй байна. Товчхондоо, тус тушаалаас болж “Старлинк” өөрийн интернэтээ Монголын хэрэглэгчдэд өгөхийг зөвшөөрөөгүй орхисон байх магадлалтай гэх мэдээлэл гарсан.

Тэгвэл Н.Учрал болон Л.Энх-Амгалан сайд нар тус мэдээлэлд ямар тайлбар хийв

ВИДЕО:

САЙД Н.УЧРАЛ: “Старлинк” зөвшөөрлөө аваад хууль, дүрмийн дагуу ажиллах эрх нь нээлттэй

Нам орбит  гэхээр “Старлинк” компаниар л төсөөлөөд байгаа юм. Ойрын ирээдүйд 10 гаруй компани 110 мянган хиймэл дагуулыг хөөргөх төсөөлөл, судалгаатай байна. Тодруулбал, “Старлинк”-тай адилхан үйл ажиллагаа явуулдаг арав гаруй компани хиймэл дагуул  хөөргөхөөр туршилтаа хийж байна.  Тэгэхээр зөвхөн интернэтээс гадна IoT, 5G сүлжээ гэх мэт олон агуулга байна. Хоёр сар орчмын өмнө “Старлинк” компанийнхантай бид уулзалт хийсэн. Мөн эрх зүйн орчин бүрдсэн. Тэгэхээр дүрэм, журмын дагуу зөвшөөрлөө аваад Монголд үйл ажиллагаа явуулах эрх нь нээлттэй.  Тэр бүү хэл манай Монголын ONDO компани 2024 онд 170 гаруй кубсатыг хөөргөнө гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Ер нь олон компани бий. Эрх зүйн орчин бүрдсэн. Одоо зөвшөөрлөө аваад орж ирэхэд аль, алинд нь нээлттэй гэдэг байр суурьтай байна. Манайх чинь хуультай орон. Ямар ч гадаад компани хууль эрх зүйн орчны хүрээнд үйл ажиллагаа явуулах ёстой. “Старлинк” зөвшөөрлөө аваад Зохицуулах хороонд хандаад орж ирэхэд нээлттэй.

БШУ-НЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН: “Старлинк”-ийг оруулж ирээд “Тэндээс интернэт ав аа” гэж аль нэгэн компанид давуу эрх олгож болохгүй шүү дээ

Мэдэхгүй. Би түүнийг ёстой мэдэхгүй байна. “Старлинк”-ийг шууд оруулж ирээд “Тэндээс интернэт ав аа” гэж аль нэгэн компанид давуу эрх олгож болохгүй шүү дээ. “Старлинк” компани Монголд ажиллана гэвэл дангаараа юм уу эсвэл Монголд үйл ажиллагаа явуулдаг үүрэн телефоны Мобиком, Юнителтэй хамтраад үйлчилгээ явуулах  эрх нээлттэй гэж бодож байна. Түүнээс биш аль нэгэн компанид давуу эрх олгосон, дотоодын компаниудын зах зээлийг булаацалдсан хууль бус тушаал шийдвэр гаргаж болохгүй л гэж бодож байна.

Старлинк”-ийн интернэт дамжуулах төхөөрөмж манайд байршсан тохиолдолд иргэд www.starlink.com хаяг руу ороод захиалга өгч, төлбөрөө төлөөд, хүссэн газраа хэрэглэх боломжтой  Үүнд дундын жуулчлагч шаардлагагүй. Харин “Старлинк”-ийн салбар компани Монголд байгуулагдсанаас ердөө 21 хоногийн дараа Л.Энх-Амгалан сайд тус тушаалыг гаргасан нь “Старлинк” компани манай улсын холбогдох байгууллагуудаас гаргасан тушаал, шийдвэр, шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй улмаар үйл ажиллагаа явуулахаас татгалзсан уу гэдэг нь анхаарал татаж байна. Учир нь дээрх сайд нар тус компанийн талаар онцлохдоо "Манай улсад үйл ажиллагаагаа явуулах эрхтэй. Гэхдээ зөвшөөрлөө авч дүрэм журмынхаа дагуу ажилласан тохиолдолд" гэж байгаа юм. Гэтэл зөвшөөрөл, дүрэм журам нь "Старлинк"-ийн зарчимтай нийцээгүй юу гэдэг асуулт байна.