Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд экспорт, импортын шинэ гарц болох Зүүнбаян-Ханги чиглэлийн 226,9 км төмөр зам өнөөдөр /2022.11.25/ ашиглалтад орлоо.
ВИДЕО:
Сонирхуулахад, энэ оны гуравдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг төмөр замыг богино хугацаанд ашиглалтад оруулах чиглэлийг өгч байсан юм. Тэгвэл 226,9 км төмөр зам ийнхүү найман сарын дотор бүрэн ашиглалтад ороход бэлэн боллоо. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Замын-Үүд-Эрээн төмөр замын боомт 1956 онд байгуулагдсанаас хойш 66 жилийн дараа экспортын гол зах зээл БНХАУ руу төмөр замын хоёр дахь гарцтай болж байгаа юм.
Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 180 аж ахуйн нэгж, 3500 гаруй ажилчид оролцож, байнгын 1300 гаруй ажлын байр шинээр бий болж байна.
“Зүүнбаян-Ханги” чиглэлийн төмөр зам нь 1520 мм царигтай, 25тн голын даацтай, буталмал чулуун чигжээстэй, төмөр бетон дэртэй, 3-р зэрэглэлийн дохиолол, төвлөрүүлэлт, хориглолын системтэй зам юм. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ирэх сарын 27 /2022.11.27/-ны өдөр БНХАУ-д хийх айлчлалаар тус төмөр замыг холбох асуудлыг ярилцаж шийдвэрлэх аж.