“The Hu” хамтлаг ЮНЕСКО-гийн “Энх тайвны төлөөх уран бүтээлч” болж буйг өнөөдөр зарлана

“The Hu” хамтлаг ЮНЕСКО-гийн “Энх тайвны төлөөх уран бүтээлч” болж буйг өнөөдөр зарлана

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын /ЮНЕСКО/ Ерөнхий захирал Одри Азуле Монголын хүнд металл урсгалаар уран бүтээлээ туурвидаг “The Hu” хамтлагийг ЮНЕСКО-гийн “Энх тайвны төлөөх уран бүтээлч”-ээр сонгох шийдвэрээ өнөөдөр /2022.11.25/ тус байгууллагын төв байранд болох ёслолын үеэр зарлана.

Баасан гарагт “The Hu” хамтлагийг “Энх тайвны төлөөх уран бүтээлч”-ээр зарлах гэж буй нь ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал энэхүү өвийг сурталчлан түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулж буй хувь нэмрийг нь хүлээн зөвшөөрч буй хэрэг юм. Үүний хариуд хамтлагийн гишүүд ЮНЕСКО-гийн энэ чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн төлөөлөгчөөр ажиллаж, холбогдох үйл ажиллагаанд оролцож, тус байгууллагын илэрхийлж буй үзэл санаа, дохиог дамжуулан хүргэх амлалт өгөх ажээ. 

О.Азуле Монгол Улсад 2022 оны наймдугаар сард албан ёсны айлчлал хийх үеэрээ “The Hu” хамтлагийн найман гишүүнтэй уулзсан бөгөөд "тэдний хөгжмийн хэв маяг, үзэл санаа нь ЮНЕСКО-гийн үнэт зүйлс, үйл хэрэгтэй нийцэж байна" хэмээсэн байдаг. 

Улаанбаатар хотноо 2016 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш дэлхий даяар олон мянган шүтэн бишрэгчтэй болж чадсан “The Hu” хамтлаг нь “Хүннү рок” хэмээх хөгжмийн  урсгалыг бий болгосон юм. Ингэхдээ рок, хүнд металл урсгалыг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн жагсаалтад орсон хөөмий, цуур, морин хуур зэрэг Монголын уламжлалт урлаг, хөгжмийн зэмсгүүдтэй хослуулан тоглодог.

Улмаар дэлхийн тавцанд амжилт гаргаж, Монгол соёлыг сурталчлах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн “Хү” хамтлагийн гишүүдийг 2019 онд Монгол Улсын Соёлын элчээр томилж, 2020 онд төрийн дээд шагнал "Чингис хаан" одонгоор шагнаж урамшуулсан билээ.