ХБ-ны зээлээр авсан “Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор” өдгөө “ХОГ” болон цэргийн ангийн хашаанд хэвтэж байна /ФОТО/

ХБ-ны зээлээр авсан “Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор” өдгөө “ХОГ” болон цэргийн ангийн хашаанд хэвтэж байна /ФОТО/

Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл авсан зарим аж ахуйн нэгж, байгууллага хөрөнгийн эх үүсвэрийг зориулалтын бусаар ашиглах, үр ашиггүй хөрөнгө оруулалт хийсэн зэрэг асуудлыг өдгөө хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа билээ.

Тэгвэл бид энэ удаад Хөгжлийн банкны 7 сая ам.долларын санхүүжилтээр “Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор” худалдан авсан ч зургаан жилийн хугацаанд огт ашиглаагүй, өдгөө цэргийн ангийн хашаанд хэтвэж байгаа асуудлыг сурвалжиллаа.  

“Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор”

-НИЙЛҮҮЛЭГЧ КОМПАНИ ТӨХӨӨРӨМЖИЙГ ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГАД ХУДАЛДАХГҮЙ ГЭСЭН ШААРДЛАГА ТАВЬСАН УЧИР ТОСК-ИЙН НЭР ДЭЭР ХУДАЛДАН АВЧЭЭ-

2015 онд тухайн үеийн Засгийн газрын 462 дугаар тогтоол гарч, Батлан хамгаалах яамны харьяа “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨҮГ-ийн худалдан авахаар төлөвлөсөн “Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор”-ын санхүүжилтийг шийдвэрлэн, худалдагч талтай гэрээ байгуулахаар болсон байна. Гэвч худалдагч тал болох АНУ-ын “MIC industries”  компани уг төхөөрөмжийг цэргийн байгууллагад бус зөвхөн иргэний байгууллагад худалдах шаардлага тавьсны дагуу 2016 онд дахин Засгийн газрын тогтоол гаргасан аж. Улмаар тухайн үеийн Ерөнхий сайдын зөвлөх, Батлан хамгаалах яам,  “Төрийн орон сууцны корпорац” ТӨҮГ-ын удирдлагуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан “MIC industries”  компанитай тус цогцолборыг ТОСК худалдан авахаар 8,3 сая ам.долларын үнэ бүхий гэрээ байгуулсан байна.

-"БАРИЛГЫН ХИЙЦ ҮЙЛДВЭРЛЭХ ХӨДӨЛГӨӨНТ ЦОГЦОЛБОР"-ЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМАНД БАЛАНСААС ШИЛЖҮҮЛЖЭЭ-

"Төрийн  орон сууцны корпораци" ТӨҮГ нь тоног төхөөрөмжийн үнийн 85 хувь болох 7 сая ам.долларын төлбөрийг Хөгжлийн банкны жилийн 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр авч  2016 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр, үлдэгдэл  15 хувь болох 1,2 сая ам.долларыг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэн, "MIC industries" компанийн дансанд шилжүүлсэн аж.

“Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор”

Харин 2017 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын 22 тоот захирамжаар тоног төхөөрөмжийг анх захиалсан бөгөөд цаашид хариуцан ашиглах байгууллага болох Батлан хамгаалах яаманд шилжүүлэх болон гааль, татварын төлбөрийн асуудлыг шийдвэрлэх зорилго бүхий ажлын хэсэг байгуулсан байдаг. Мөн Засгийн газрын 2017 оны 48 тоот тогтоолоор "Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор"-ын эх үүсвэрийг улсын төсөвт суулгах, тоног төхөөрөмжийг Батлан хамгаалах яаманд балансаас шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Тогтоолын хүрээнд тоног төхөөрөмжийг худалдан авсан төлбөр, холбогдох зардлыг улсын төсөвт суулгахаар 2017, 2018, 2019, 2020 онуудад удаа дараа санал хүргүүлж ажилласан болов ч шийдвэрлэгдээгүй өдийг хүрсэн талаар эх сурвалж мэдээлж байгаа юм. Уг тоног төхөөрөмжийг 2017 оны наймдугаар сарын хоёрны өдөр гаалийн баталгаат агуулахаас авч Батлан хамгаалах яаманд хүлээлгэн өгснөөс хойш Зэвсэгт хүчний дугаар ангийн хашаанд хадгалагдаж байгаа юм байна.

“Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор”

 -ХӨДӨЛГӨӨНД ЦОГЦОЛБОРЫН АШИГЛАЛТААС ОРОХ ОРЛОГООР ХБ-НЫ ЗЭЭЛИЙГ ЭРГЭН ТӨЛӨХИЙГ БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМАНД ДААЛГАЖ БАЙЖЭЭ-

Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр "Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор"-ыг сайжруулсан түлш нөөцлөх, түүхий эд барих, бүтээгдэхүүнийг нөөцлөх, барилга байгууламж барих болон бусад арилжааны зорилгоор ашиглах, ашиглалтаас орох орлогоор Хөгжлийн банкны зээл, зээлийн хүүг эргэн төлөхөд зарцуулахыг Батлан хамгаалах яаманд даалгасан. ТОСК нь "Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор"-той холбоотой зээл, зээлийн хүүгийн тооцоог хааж, Батлан хамгаалах яаманд авлагаар бүртгэж шилжүүлэх талаар Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Батлан хамгаалах яам, Хөгжлийн банк зэрэг байгууллагуудтай хамтарсан уулзалтууд зохион байгуулан ажилласан ч үр дунд хүрээгүй байна.

МУХБ дахь зээлийн гэрээний хугацаа 2019 оны зургадугаар сарын 30-ны өдөр дууссан бөгөөд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 2021 оны тавдугаар сарын 25-ны өдрийн шийдвэрээр Монгол Улсын Хөгжлийн банкнаас нэхэмжилсэн мөнгөн дүнд шилжүүлснээр 25,6 сая төгрөгийг "Төрийн орон сууны корпорац" ТӨХК төлөх шийвдэр гарчээ. Ямартай ч Засгийн газрын тогтоол, тэмдэглэлээр Хөгжлийн банкны 26 орчим тэрбум /2022 оны ханшаар/ төгрөгийн санхүүжилтээр худалдан авсан "Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор" нь өдгөө дугаар цэргийн ангийн хашаанд хэрхэн, хэзээ, яаж ашиглах нь тодорхойгүй “хог” болон хадгалагдаж байгаа асуудлыг бид энэ удаад хөндлөө. 




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө