Э.Туул: БНСУ-ын “А” зэрэглэлийн жүжигчид учраас төлөөлөгч нь урьдчилж, тандаж хоолны амт чанарыг үзэж хяналт тавьсан /ВИДЕО/

Э.Туул: БНСУ-ын “А” зэрэглэлийн жүжигчид учраас төлөөлөгч нь урьдчилж, тандаж хоолны амт чанарыг үзэж хяналт тавьсан /ВИДЕО/

Энэ арваннэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн /2022.11.20/ БНСУ-ын “А” зэрэглэлийн жүжигчид болох HyunBin, Park Jungmin, Jeon Yeo-Bin, Jo Woo-Jin нарын бүрэлдэхүүнтэй “Harbin” гэх түүхэн киноны зураг авалтаа эхлүүлэхээр манай улсад ирсэн билээ. Тус киноны зураг авалт эхэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж эхэлсэн даруйд олон сая шүтэн бишрэгчдийн сонирхлыг татаж ихээхэн хүлээлт үүсгээд байгаа юм.

Учир нь кино зураг авалтыг Латви, Монгол болон Өмнөд Солонгос зэрэг улсуудад хийх бөгөөд өмнө нь дэлхийн олон сая үзэгчдийг байлдан дагуулсан “Crush landing on you” гэх киноны зарим зураг авалтыг мөн манай улсад хийж байсан удаатай.

Тэгвэл “Harbin” гэх киноны зураг авалтыг Өмнөговь аймгийн Даланзадгадад хийсэн гэх бөгөөд тус үеэр алдарт жүжигчид тус аймгийн “Samgyeopsal & Beer house”-аар зочилж гарын үсгээ үлдээжээ. Олон улсад алдарт жүжигчдийн зочилж байсан болоод гарын үсгээ үлдээсэн томоохон ресторан, зочид буудал зэрэгт шүтэн бишрэгчид ихээхэн очиж жуулчдыг татах нэгэн арга болдог. Иймд бид Өмнөговь аймаг дах рестораны ажилчидтай товчхон ярилцлаа.

ВИДЕО:

-Сайн байна уу. Сүүлийн жилүүдэд к-драма дэлхий дахинд маш их эрчийг авч кино салбарт хүч төрөн гарч ирж байна. БНСУ-ын төдийгүй дэлхийн одод гэж хэлж болохуйц “А” зэрэглэлийн жүжигчид танай ресторанаар үйлчлүүлсэн гэсэн шүү дээ. Энэ талаар хоёулаа яриагаа эхэлье.

-Сайн байцгаана уу. Тийм ээ. Миний хувьд ялангуяа к-драма үзэгч, шүтэн бишрэгчдийн хувьд нэр төрийн хэрэг гэж болохуйц үйл явдал болсон гэж хэлж болох байх. Энэ арваннэгдүгээр сарын 20,22-ы өдрүүдэд хоёр удаа Монголын Өмнөговь аймгийн Даланзадгадад байрлах манай “Samgyeopsal & Beer house”-аар тус жүжигчид маань үйлчлүүлсэн. Жүжигчдийн багийнхан ирэхээс өмнө тэднийг төлөөлж нэг хүн дөрвөн удаа манайхаар үйлчлүүлж амт чанарын талаар судалж, тандаж байгаад захиалга өгч жүжигчдийг авчирсан. Эхний өдөр манай газрын ажилчдыг огт савх, сэрээ, аяга тавагт гар хүргүүлээгүй өөрсдөө асууж зөөж өгч байсан бол хоёр дахь өдрөө бид өөрсдөө зөөж өгсөн.

-Олон улсад алдарт жүжигчдийн үйлчлүүлсэн болоод гарын үсэг үлдээсэн газруудыг их сонирхож очдог. Энэ утгаараа жуулчдыг ч татах боломж бүрдэж байна гэж хэлж болох байх. Зураг авалтын талаар мэдээлэл байгаа юу?

-Солонгос менежер нь бидэнд “жүжигчид ямар ч make up-гүй бас сахалтай байгаа учраас зураг авхуулах боломжгүй байгаа шүү” гэсэн юм. Тийм учраас гарын үсгийг нь л авч чадсан. Киноны тухайд дайны үеийн сэдэвтэй кино хийж байгаа гэсэн шуум байсан. Тэр ч утгаар эрэгтэй жүжигчид бүгд сахал үсээ ургуулсан харагдсан. Ер нь л маш нууцлалын зэрэгтэй явж байсан тул бид нарыг пост хийхийг ч зөвшөөрөөгүй “энэ газраас явсны дараа пост оруулаарай” гэсэн.

-Гол дүрийн жүжигчдийн бүрэлдэхүүнийг танилцуулаач?

-“Харбин” киноны жүжигчдээс Hyunbin, Park Jung Min, Jeon Yeo Bin, Jo Woo Jin нар ирж гарын үсгээ зурсан. Харин арваннэгдүгээр сарын 27-ны өдөр аймаг дахь зураг авалтаа дуусгаж байгаа тул нийт багаараа 100 хүний хүлээн авалт хийхээр захиалга өгсөн байсан ч 26-ны өдөр цаг агаарын байдал болон өөр бусад шалтгаанаар УБ хот руу буцаж, хүлээн авалтаа цуцалсан.

-Танай хоолны амт, чанарын тухайд магтсан байсан?

-Тийм ээ. Манай ресторан нийт 33 төрлийн солонгос үндэсний хоол гардаг. Сүүлийн өдрөө жүжигчид маань самгёбсал, кимчижигэ авч идсэн. Амттай байсан гэж магтуулж, бөхийж ёслон гарын үсгээ үлдээсэн. Солонгос иргэд өөрсдийн үндэсний хоолоо энд ирээд амтархан идэж байгааг хараад бидэнд ч таатай байсан. /инээв/

-Заалны тухайд тэр чигт түрээсэлсэн үү?

-Тэгсэн. Тийм болохоор бид нар заалаа хаагаад монголчуудаа түр хүлээж авахгүй зөвхөн тэд нарт л үйлчилсэн. Манай байгууллагын түрээс тусдаа үнэтэй байдаг ч жүжигчдэд зориулж авсан хоол, уух зүйлийг нь л тооцоог хийсэн.

-Жүжигчдийг товч тодорхойлбол?

Манайд ирсэн жүжигчдийн тухайд бүгд маш найрсаг зан чанартай мундаг хүмүүс санагдсан. Бид нартай хүртэл бөхийн ёсолж байгаа нь л тэдний ямар ааштайг тодорхойлох байх. Яг тэр үе одоо ч нүдэнд харагдаж байна /инээв/

-К-драма үздэг шүтэн бишрэгчид холбогдож эхлэв үү?

-Гарын үсэг худалдаж авах хүсэлтэй хүмүүс их байх шиг байна билээ. Гарын үсгүүдийг к-драма шүтэн бишрэгчдэдээ болон үйлчлүүлэгч нартаа зориулаад зурагтай нь хамт жаазлаад ханандаа өлгөнө. Мэдээж энэ бол зарим хүмүүсийн хувьд өнгөц, зүгээр гарын үсэг мэт санагдах боловч яг үнэ цэнийг нь мэддэг хүмүүст өөр шүү дээ. Бид бүгд л өөр зүйл сонирхож, дэмждэг. Хүний сонирхлыг үгүйсгэх аргагүй.

Мөн зарим хүмүүс “хэдэн зууны өмнөх үеийг харуулсан киног монголд хийх гэж байна монголын минь хөгжил ингэж хоцрогдсон байна” гэх сэтгэгдэл уншсан. Энэ кино монгол орны хөгжлийг харуулах гээгүй. Байгалийн үзэсгэлэнг харуулах гэж хөдөө орон нутгаар нь зураг авалт хийж байгаа л зүйл шүү гэдгийг хэлмээр байна. Иймд Өмнөговь аймгаар зочилж, аялж зугаалахаар ирэхдээ манай ресторанаар үйлчлүүлэхийг урьж байна.

 

 




“BONUS BOOST” BSB-д

7 цагийн өмнө