БАРИМТ: Д.Сумъяабазар “Баганан тулгуурт галт тэрэг” төсөл хэрэгжүүлэх компанид 3.5 тэрбум, Сургууль, Цэцэрлэг барих ажилд 400 сая төгрөг төсөвлөжээ

БАРИМТ: Д.Сумъяабазар “Баганан тулгуурт галт тэрэг” төсөл хэрэгжүүлэх компанид 3.5 тэрбум, Сургууль, Цэцэрлэг барих ажилд 400 сая төгрөг төсөвлөжээ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XVI хуралдаан өчигдөр /2022.12.02/ хуралдаж, нийслэлийн 2023 оны төсвийн төслийг хэлэлцэн баталсан.

Нийслэлийн төсөвт 2023 онд 1,742.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, 1,148.9 тэрбум төгрөгийн зардал санхүүжүүлэн, нийслэлийн төсвөөс Улсын төсөвт 593.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр баталсан байна. Харин ирэх онд нийслэлийн төсвийн орлогын 1 их наяд 549.9 тэрбум төгрөгийг татварын орлогоор, 192.2 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэх аж.

Нийслэлийн 2023 оны төсвийн төсөл

Ирэх оны төсвөөс үзэхэд 2023 онд нийслэлд нэг ч сургууль, цэцэрлэг шинээр ашиглалтад орохгүй бололтой. Учир нь нийслэлийн 2023 оны төсөвт цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх төсөл арга хэмжээнд нийт 8.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулалт хийнэ гэжээ. Тодруулбал цэцэрлэгийн барилга байгууламжид 198-400 сая төгрөг төсөвлөсөн байна. Мөн ерөнхий боловсролын сургуулийн барилгын төсөвт 100-400 сая төгрөг төсөвлөсөн байх аж. Энэ нь ирэх онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотод нэг ч сургууль, цэцэрлэг шинээр ашиглалтад орохгүй гэсэн үг юм. 

Нийслэлийн 2023 оны төсвийн төсөл

Гэтэл олны эсэргүүцэлтэй тулгараад буй "LRT" буюу “Баганан тулгуурт галт тэрэг”-ний төслийг хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын шинэ бүтээн байгуулалт” ХХК-ийн үйл ажиллагааны зардалд 3,5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байх аж.  "LRT" буюу баганан тулгуурт гүүрэн байгууламж бүхий хөнгөн галт тэрэгний төслийг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах зорилгоор “Улаанбаатар хотын шинэ бүтээн байгуулалт” ХХК-ийг байгуулсан байдаг юм. 

Ямартай ч Хотын дарга Д.Сумьяабазар улстөрчидтэй нүүр тулж, багагүй эсэргүүцэлтэй тулгарсан "LRT" төслөө хэрэгжүүлэхийн тулд сургууль, цэцэрлэгийн барилгын төсвийг багасгаж, “Баганан тулгуурт галт тэрэг”-ний төслөө хэрэгжүүлэх ажилд илүү ач холбогдол өгсөн бололтой.