Ё.Баатарбилэг, Л.Мөнхбаатар нар улсын төсвийн 240 орчим сая төгрөгөөр тойрогтоо  МОТОЦИКЛЬ тараана

Ё.Баатарбилэг, Л.Мөнхбаатар нар улсын төсвийн 240 орчим сая төгрөгөөр тойрогтоо МОТОЦИКЛЬ тараана

УИХ-аар 2020 оны улсын төсвийг хэлэлцэж эхлээд байна. Ирэх оны улсын төсвийн хуваарилалт, задаргааг харвал үр ашиггүй зарлага, эдийн засгийн суурь судалгаагүй төсөөлөл их байгаа юм. 2020 оны төсвийг нэг өгүүлбэрээр дүгнэвэл, МАН татвар төлөгчдийн мөнгөөр сонгууль хийх нарийвчилсан төлөвлөгөө боловсруулжээ гэж хэлж болно.

Тухайлбал, төсвийн мөнгийг улсын эдийн засаг болоод иргэдийн амьдралд бодитоор үр өгөөжөө өгөх томоохон бүтээн байгуулалт, төсөлд бус зургаан сарын дараа болох 2020 сонгуульд л зориулсан жижиг, сажиг буюу тоглоомын талбайн тохижилт, худаг барих, хашаа хайс хийх, гүүр тавих, клубийн шал засах гэх мэт ажилд ихэнхдээ хуваарилсныг олон нийт одоо ч шүүмжилсээр байна.

Ганцхан жишээ дурдахад, Монголдоо ганц Хавдрын эмнэлгийг өргөтгөж, үйл ажиллагааг нь сайжруулахад шаардлагатай 19.8 тэрбум төгрөгийг хассан мөртлөө БСШУС-ын сайдын сонгогдсон тойргийн есөн сумын оюутнуудын байрыг Хан-Уул дүүрэгт барихаар зургаан тэрбум төгрөг суулгасан байх жишээтэй.

Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нарын төрсөн нутаг Хэнтий аймгийн Батноров, Биндэр суманд  улсын төсвийн дөрвөн тэрбум, Азийн хөгжлийн банкны 19 сая долларын зээлээр хөшөө барих ажлыг эхлүүлсэн.

Энэ мэт төсвийн мөнгийг үргүй зарцуулж буй ажлууд олон. Улсын төсвийн хөрөнгө нь УИХ-ын гишүүдийн тойрогтоо нэр хүндээ өсгөх, дараа дахин сонгогдох шуналд нь үрэгдэх ёсгүй. Гагцхүү олон нийтэд хэрэгтэй төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад зарцуулагдах ёстой билээ.

Бид улсын төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан бас нэгэн мэдээллийг хүргэж байна. Тухайлбал, 300 орчим сая төгрөгөөр Өмнөговь, Архангай, Хөвсгөл аймгийн сумдад мотоцикль тараахаар 2020 оны төсөвт суулгасан байна.

Тухайлбал,

-Архангай аймгийн Эрдэнэбулган, Цэнхэр, Төвшрүүлэх сумын Багийн засаг дарга болон эмч нарт нийт 60 сая төгрөгөөр,

-Мөн тус аймгийн Булган, Ихтамир, Өндөр-Улаан, Цахир, Тариат, Хангай, Чулуут, Жаргалант сумын багийн засаг дарга нарт нийт 88 сая төгрөгөөр,

-Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Баянзүрх, Улаан-Уул, Ренчинлхүмбэ, Цагааннуур, Цэцэрлэг, Чандмань-Өндөр, Ханх сум, Хатгал тосгоны багийн Засаг дарга нарт 40 сая төгрөгөөр,

-Мөн тус сумдын багийн эмч нарт 40 сая төгрөгөөр

-Өмнөговь аймгийн багийн эмч нарт 30 сая төгрөгөөр тус, тус мотоцикль авч өгөхөөр төсөвт суулгажээ. 

Дээрх сумд нь БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг болон УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нарын сонгогдсон тойрог юм. Харин Өмнөговь аймагт тараагдах мотоциклийн төсөв Эрүүл мэндийн сайдын багцад оржээ.

Сануулахад,  2018 онд онд мотоциклийн 552 осол бүртгэгдэж, ослын улмаас 116 хүн нас барж, 265 хүн гэмтжээ. Нийт ослын 84.9 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бөгөөд нас барсан хүний тоо өмнөх онтой нь харьцуулахад 2.1 дахин өссөн болохыг Тээврийн Цагдаагийн албанаас мэдээлсэн билээ.

Т.ЭНХЭЛЭЭ