Ц.Мөнх-Оргил: Б.Отгонбаатарыг АТГ-аас саатуулах үеэр хамт байсан. Тоглоом тоглоогүй

Ц.Мөнх-Оргил: Б.Отгонбаатарыг АТГ-аас саатуулах үеэр хамт байсан. Тоглоом тоглоогүй

"Эрдэнэт” үйлдвэрийн оффшор дансны асуудалтай холбогдуулан “Азаргын голт чоно” ХХК-ийн захирал Б.Отгонбаатарыг АТГ-аас саатуулах үеэр түүнтэй хамт Х, М нарын УИХ-ын гишүүд мөрийтэй тоглож байсан гэх мэдээлэл гарсан. Уг мэдээлэлд үндэслэн мөрийтэй тоглож байгаад баригдсан гэх гишүүдийг хэн болоход олон нийт ихээхэн анхаарч буй.

Энэ удаагийн парламентад Х үсгээр эхэлсэн нэртэй Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа хэмээх хоёр гишүүн байгаа бол М үсгээр эхэлсэн нэртэй Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Л.Мөнхбаатар, Г.Мөнхцэцэг,  Д.Мурат нарын таван гишүүн байна. Эдгээрээс Д.Хаянхярваа, Ц.Мөнх-Оргил нарыг байх магадлалтай гэх таамаг байгаа юм.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ талаар “Битгий ийм АХА явуулж бай. Би ийм АХА тэмцээнд ормоогүй байна. Би мөрийтэй тоглоогүй” гэсэн тайлбарыг өгсөн.  

Харин УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Би өнгөрсөн долоо хоногт Улаанбаатарт байгаагүй. Өчигдөр орой Монголд ирсэн. Энэ бол намайг ямар нэгэн байдлаар болж бүтэхгүй юмтай холбочих гэсэн л оролдлого. “Хоёр гишүүн баригдсан” гэх мэдээлэл цацагдсанаас хойш хүмүүс жиргээгээр “Та тоглосон юм уу, баригдсан юм уу” гээд асуугаад эхэлсэн. Би хэрэв мөрийтэй тоглосон байгаад АТГ-ынханд баригдсан бол нуугаад байх юм байхгүй.

Тэртээ тэргүй хуулийн байгууллагынхан ил зарлахын хооронд нууж, үлгэр зохиогоод яахав дээ гэсэн юм. Үүнийг мэдээлсэн хэвлэл мэдээллийн байгууллагад намайг мөрийтэй тоглосон гэх баримт нотолгоо байхгүй. АТГ, цагдаагийн байгууллага ч өөрсдөө тийм зүйл болоогүй гээд мэдэгдэл хийчихсэн” гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын хувьд “Тийм зүйл болоогүй. Юу болсон бэ гэхээр би ажил тарсны дараа найзынхаа ажлын өрөөнд цай уунгаа ойр зуурын юм ярилцаад сууж байсан. Гэтэл гаднаас АТГ-ынхан орж ирээд манай найзыг мэдүүлэг өгөөч гэсэн. Тэр мэдүүлэг өгөхөөр явсан, би ч гэртээ харьсан. Бид хоёроос өөр хүн байгаагүй, тоглоом тоглосон юм болоогүй” гэжээ.

Үүнээс үзвэл Ц.Мөнх-Оргил гишүүн нь Б.Отгонбаатарыг саатуулах үеэр хамт байсан байна. Үүнийгээ ч тэрбээр нотоллоо.

Өнгөрсөн лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн асуудлын талаар мэдээлэл хийхдээ дээрх хоёр гишүүний нэрийг олон нийтэд зарлана гэх яриа хэвлэлийнхний дунд тарсан байв. Гэвч тэрбээр гишүүдийн нэрийг бус Засгийн газрын харьяа агентлагийн хоёр даргыг Төрийн албаны тухай хууль зөрчин мөрийтэй тоглосон учир үүрэгт ажлаас нь чөлөөлөх болсныг мэдэгдсэн билээ.