"Төрийн нууц"-д байсан “Монголын Төмөр зам” ТӨХК-ийн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дээд бүтэц, дохиолол холбоо, эрчим хүч, гүүр, хоолойн барилгын ажил, зураг төсөл гүйцэтгэх ажлын гэрээ болон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын шугамын доод бүтцийн барилгын ажил гүйцэтгэх гэрээг нууцаас гаргаж, ил болгоод байгаа билээ.
Нууц байж байгаад ил болгосон гэрээнээс үзэхэд "Максимал" ХХК-ийн захирал Ц.Батжаргал нь компани болон хувийнхаа нэр дээр хэд хэдэн ажил гүйцэтгэх гэрээг Монголын Төмөр замтай байгуулсан байна.
Тодруулбал, "Максимал" ХХК нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын 44-84, 84-124, 219.5-240 км-ийн зураг төслийг гүйцэтгэж, холбогдох эрх бүхий байгууллагаар батлуулах гэрээг 2019 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр байгуулжээ. Ингэхдээ ажил гүйцэтгэх хөлсийг нэг км нь 550 мянган төгрөг байна гэж тусгаж, "Монголын төмөр зам" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Батсүхтэй гэрээлжээ.
Мөн "Максимал" ХХК-ийн захирал Ц.Батжаргал нь иргэн Ц.Батжаргалын хувиар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт 44 дэх километрээс 84 дахь километр болон Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг дэвсгэрт 84-124 дахь километр хүртэлх төмөр замын барилгын ажлын зураг 53.3 сая төгрөгөөр хийж гүйцэтгэхээр 2019 оны наймдугаар сарын 12-ны өдөр "Монголын төмөр зам" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэнгэлтэй байгуулсан байна. Түүнчлэн тэрбээр 219-247 дахь километр хүртэлх Төмөр замын барилгын ажлын зургийг 20 сая төгрөгөөр боловсруулахаар 2019 оны зургадугаар сарын 6-ны өдөр "Монголын төмөр зам" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэнгэлтэй гэрээ байгуулжээ.
Ноцтой нь "Максимал" ХХК-ийн захирал Ц.Батжаргал нь Тавантолгой-Зүүнбаян төмөр замын төслийн зөвлөхөөр ажиллаж байсан учир ийнхүү компанийнхаа болон иргэний хувиар ажил гүйцэтгэж, нууцад хамаарах гэрээг байгуулсан байгаа юм. Мөн тэрбээр хувийн мэдээллээ зөрүүтэй мэдээлсэн байж магадгүй байгаа нь гэрээнд тусгасан регистрийн дугаараас харагдана. Ямартай ч нууцад байсан гэрээ энэ мэтээр үзэглэгдсэн байхыг үгүйсгэхгүйгээр байна. Үргэлжлэл бий. Ташрамд өгүүлэхэд “Баганан тулгуурт гал тэрэг”-ний ТЭЗҮ-г Ц.Батжаргалын компани 500 саяар боловсруулсан байдаг юм.