Израилийн тал мөрдөн шалгах ажиллагааг анхааралтай ажиглаж байна гэж мэдэгджээ

Израилийн тал мөрдөн шалгах ажиллагааг анхааралтай ажиглаж байна гэж мэдэгджээ

Дубайгаас Тель-Авивыг чиглэн нисэж байсан Flydubai компанийн онгоцны туслах нисгэгч ахмадаа хутгалж, онгоцыг сүйрүүлэхийг завдсан хэргийн ард хэн байсныг тогтооход эрт байна гэж Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху мэдэгджээ. Тодруулбал, Fox News сувгийн сэтгүүлч түүнээс уг хэрэгт Иран холбоотой эсэхийг асуухад “Энэ талаар хэлэхэд эрт байна” гэж хариулжээ.

Туслах нисгэгчийг онгоц ослын буулт хийсэний дараа Саудын Арабт баривчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Б.Нетаньяху түүнийг онгоц хөөрсөн АНЭУ-д шилжүүлэн өгөх байх гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр Израилийн тал мөрдөн шалгах ажиллагааг анхааралтай ажиглаж, шаардлагатай бол оролцож магадгүй гэсэн байна.

Дубайн олон улсын нисэх буудлаас хөөрсөн FZ1073 дугаартай нислэг Тель-Авивын Бен-Гурионы нисэх буудлыг чиглэн явж байжээ. Нислэг эхэлснээс хоёр цаг гаруйн дараа Саудын Арабын нутаг дээгүүр нисэж байх үед онгоц огцом доошилсон байна.

Тодруулбал,  Flightradar24-ийн мэдээллээр онгоц хоёр хүрэхгүй минутын дотор 5 мянга гаруй метрийн өндрөөс доошилжээ. Үүний дараа нисгэгчид яаралтай тусламжийн дохио илгээж, улмаар онгоц барьцаалагдсан үед ашигладаг кодыг дамжуулсан байна. Израилийн Ерөнхий сайдын мэдээлснээр, туслах нисгэгч ахмад Смит Маччарыг хутгалж, онгоцыг сүйрүүлэхийг завджээ. Онгоц огцом доошилж эхлэх үед зорчигчид бүхээгт нэвтэрч, халдагчтай тэмцсэн байна.

Хутгалуулж, хүнд гэмтсэн Энэтхэгийн иргэн ахмад Маччар бүхээгийн хаалгыг нээж, зорчигчид болон багийн гишүүдэд халдагчийг номхотгоход боломж олгосон гэж Б.Нетаньяху мэдэгджээ. Ахмадын биеийн байдал тогтвортой байгаа аж.

Онгоцонд үүрэг гүйцэтгэж явсан нислэгийн багийн хоёр гишүүн удирдлагыг гартаа авч, Саудын Арабын баруун хойд хэсэгт орших Табук хотын нисэх буудалд онгоцыг аюулгүй газардуулсан байна. Тухайн үед онгоцонд 174 хүн зорчиж явжээ. Израилийн Батлан хамгаалахын сайд Исраэль Кац уг хэргийг “жихадист террорист халдлага үйлдэх оролдлого” гэж тодорхойлсон ч нотлох баримт, дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяхутай уг хэргийн талаар ярилцсан байна. Тэрбээр халдлага үйлдэгч “террорист байсан байж магадгүй” ч өөр шалтгаан байхыг үгүйсгэхгүй гэж хэлсэн байна.

Б.Нетаньяху уг үйл явдлыг “аюулгүй байдлын маш ноцтой зөрчил” хэмээн нэрлэж, зорчигчдын амь насыг аварсан ахмад болон бусад хүмүүсийг сайшаажээ. Тэрээр, “Тэд олон хүний амийг аварч, томоохон гамшгаас сэргийлж чадлаа” гэж мэдэгдсэн байна. Харин Flydubai компанийн зүгээс нисгэгчийн бүхээгт маргаан гарсны дараа нислэгийн багийн гишүүд нөхцөл байдлыг хяналтдаа авч, онгоцны чиглэлийг өөрчлөн Табук хотод аюулгүй газардуулсан гэж мэдэгджээ. Тус компани зорчигчид болон багийн гишүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж, албан ёсны мөрдөн шалгах ажиллагаанд хамтран ажиллаж байгаагаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: BBC