ШУУРХАЙ: “Лайвчин” Д.Мөнх-Эрдэнийг санхүүжүүлсэн гэх үндэслэлээр "Саруул” захын эзэн Б.Ганбаярыг хойшлуулшгүйгээр саатуулжээ

ШУУРХАЙ: “Лайвчин” Д.Мөнх-Эрдэнийг санхүүжүүлсэн гэх үндэслэлээр "Саруул” захын эзэн Б.Ганбаярыг хойшлуулшгүйгээр саатуулжээ

Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод суух Ерөнхий консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнийг “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх шалтгаанаар шүүхээс энэ сарын 20 /2022.12.20/-ны өдөр нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, "түүнийг Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод суух Ерөнхий консулаар ажиллаж байхдаа "Дипломат эрхээ хэтрүүлэн ашиглаж, дипломат дугаартай автомашиныг Хятад иргэдэд худалдсан" зэрэг хэргээр АТГ-аас хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгалтын ажиллагаа явагдаж байх хугацаандаа удаа дараа хүн доромжлох, зөвшөөрөлгүй зураг бичлэг хийх, төрийн албаны ажилд саад учруулсан зэрэг зөрчил гаргасан хэмээн ийнхүү цагдан хорьсон" байгаа юм. 

Тэгвэл олон нийтийн сүлжээд “лайвчин” гэх тодотголтой Д.Мөнх-Эрдэнийг санхүүжүүлсэн байж болзошгүй үндэслэлээр "Саруул" зах буюу "Монгол глобал” ХХК-ийн эзэн Б.Ганбаярыг мөн хуулийн байгууллагаас хойшлуулшгүйгээр 48 цаг саатуулаад, саяхан сулласан байна. 

Сонирхуулахад, Б.Ганбаяр нь Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн, Жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Терроризмын эсрэг Монголын холбооны удирдах зөвлөлийн гишүүн зэрэг албыг хашиж байсан нэгэн аж. Тэрбээр Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулгатай хамт ганзагын наймаа хийж байсан гэдгээрээ ойр дотно байдаг гэжээ. Тиймээс ч Жүдо бөхийн холбоог толгойлдог бөгөөд жүдогийн анхны эмэгтэй тамирчин М.Бундмаа нь "Монгол глобал” ХХК-ийн нэр дээр барилддаг байсан байна.