БАРИМТ: Нийслэлийн эзэмшлийн "Эрдэнэс Баянбогд" нүүрсний ордын хайгуулыг 6 тэрбумаар хийлгэж, олсон орлогоор нь LRT зэргийг санхүүжүүлэхээр болжээ

БАРИМТ: Нийслэлийн эзэмшлийн "Эрдэнэс Баянбогд" нүүрсний ордын хайгуулыг 6 тэрбумаар хийлгэж, олсон орлогоор нь LRT зэргийг санхүүжүүлэхээр болжээ

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны тавдугаар сарын 31-ний өдрийн 217 дугаар тогтоолоор " Ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа явуулах чиг үүрэг бүхий төрийн өмчийн оролцоотой "Эрдэнэс Баянбогд" ХХК-ийг байгуулсан. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

-НИЙСЛЭЛИЙН ЭЗЭМШДЭГ "ЭРДЭНЭС БАЯНБОГД"-ЫН ОРД 3 ТЭРБУМ КОКСЖИХ НҮҮРСНИЙ НӨӨЦТЭЙ-

Ингэхдээ "Эрдэнэс Баянбогд" ХХК-ийн нийт хувьцааны 34 хувийг төрийн өмчит "Эрдэнэс Монгол" ХХК-д, 66 хувийг "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-д эзэмшүүлэхээр тогтсон. 

Товчхондоо, Дорноговь аймгийн Улаанбадрах сумаас 20 гаруй км-ийн зайд байрлах коксжих нүүрсний ордыг нийслэлд авч, Хотын дарга Д.Сумъяабазар "эзэмших"-ээр болсон. 

Урдчилсан байдлаар тус ордын таамаг нөөц 3 тэрбум, үйлдвэрлэлийн нөөц 1.1 тэрбум тонн гэсэн тооцоог мэргэжилтнүүд хийсэн байдаг. Тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар нийслэлийн утаа, түгжрэл гэх мэт тулгамдсан асуудлыг шийднэ гэдгийг Хотын дарга Д.Сумъяабазар хэлж байсан юм.

-“БОГД УУЛ” ТӨСЛИЙН ТЭРГҮҮН ЭЭЛЖИД АШИГЛАХ ТАЛБАЙН ХҮРЭЭНД ГЕОЛОГИ, ХАЙГУУЛЫН АЖЛЫГ 6 САРЫН ХУГАЦААНД ГҮЙЦЭТГЭХ АЖ-

"Эрдэнэс баянбогд" ХХК-ийн зарласан тендерийн мэдээлэл

Тэгвэл "Эрдэнэс баянбогд" ХХК одоогоос ес хоногийн өмнө буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр "XV-022117 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн хайгуулын ажлын гүйцэтгэгчийг сонгох" тендер зарласан байна. 6 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй тус хайгуулын ажлын тендерийг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэнэ гэдгийг тендерийн мэдээлэлд дурджээ. 

“Богд уул” төслийн тэргүүн ээлжид ашиглах талбайн хүрээнд геологи, хайгуулын ажлыг 6 сарын хугацаанд гүйцэтгэх бөгөөд эндээс орж ирсэн хөрөнгөөр LRT зэрэг төслийг санхүүжүүлэх аж. 

Ташрамд өгүүлэхэд, Баганан тулгуурт гүүрэн байгууламж бүхий хөнгөн галт тэрэг барих төслийн нэгдүгээр үе шатны нийт санхүүжилт болох 926 сая ам.долларын 510 сая ам.долларын санхүүжилтэд Засгийн газар баталгаа гаргана гэж байсан ч гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Тиймээс нийслэл өөрийн эзэмшлийн нүүрсний орд газрыг эргэлтэд оруулж, олсон орлогоос төслийг санхүүжүүлэхээр болсон байна. 

"Эрдэнэс баянбогд" ХХК-ийн зарласан тендерийн мэдээлэл