ШУУРХАЙ: Бусдын байшинг шатаасан хэргээр Г.Ган-Очир шалгагдаж байхдаа оргон зайлсан тул түүнийг интерполоор эрэн сурвалжилж байжээ

ШУУРХАЙ: Бусдын байшинг шатаасан хэргээр Г.Ган-Очир шалгагдаж байхдаа оргон зайлсан тул түүнийг интерполоор эрэн сурвалжилж байжээ

"Сонгуулийн санал тоолох хар машин нь шударга ажилладаггүй" талаар мэдээлж, олны анхаарлыг татаж байсан иргэн Г.Ган-Очирыг Франц улсын шүүхийн шийдвэрийн дагуу цагдан хорьсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл иргэн Г.Ган-Очирыг Монгол Улсын хуулийн байгууллагын хүсэлтийн дагуу интерполоор эрэн сурвалжилж байсан байна.

Учир нь тэрбээр монголд байхдаа хэд хэдэн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа оргон зайлсан байжээ. Тодруулбал, 

  • 2019 онд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хорооны иргэн Г-ийн өвлийн байшинг шатааж, их хэмжээний хохирол учруулсан,
  • 2020 онд “Өдрийн сонин”-ы сэтгүүлчид хар машинтай холбоотойгоор хууль бус мэдээлэл өгсөн,
  • 2021 оны аравдугаар сарын 05-ны өдөр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр хорих ангийн шалган нэвтрүүлэх байранд хууль бусаар нэвтэрч, цагдаагийн байгууллагын алба хаагчийг эсэргүүцсэн гэх үндэслэлээр Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хэргийг нэгтгэн шалгаж байсан байна.

Тэрбээр ийнхүү шалгагдаж байхдаа буюу 2022 оны долдугаар сарын 19-ны өдөр Монгол Улсын хилээр гарч, оргон зайлсан байна.

Тиймээс Улсын ерөнхий прокуророос гадаад улсад эрэн сурвалжлах ажиллагаа явуулах тухай тогтоол гаргаж, түүнийг 2022 оны наймдугаар сараас интерполын эрэн сурвалжилж эхэлжээ. Мөн үүнтэй холбоотойгоор түүнд холбогдох хэргийг түр түдгэлзүүлээд байгаа юм байна. Харин түүнийг Монгол Улсад орж ирсэн тохиолдолд шууд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүгчийн захирамж гарсан байгаа аж.