"Тавантолгой"-н зөрчилд хариуцлага тооцоогүй МХЕГ-ын албан тушаалтнуудад холбогдох хэргийг "хөөн хэлэлцэх хугацаа дууссан" хэмээн ХААЖЭЭ

"Тавантолгой"-н зөрчилд хариуцлага тооцоогүй МХЕГ-ын албан тушаалтнуудад холбогдох хэргийг "хөөн хэлэлцэх хугацаа дууссан" хэмээн ХААЖЭЭ

"Тавантолгой" ХК, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн хооронд үүссэн 268.3 мянган тонн нүүрс, мөргөцгийн хэргийг АТГ-ын саналаар Нийслэлийн прокурорын газраас хаасныг прокурорын тогтоолд дурдсан байсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Өмнөх нийтлэлийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл нүүрсний гэх хэрэг анх яригдаж эхэлж байх үед буюу 2012 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас "Тавантолгой" ХК-д удаа дараа шалгалт хийж, зөрчил дутагдал илрүүлж байсан боловч арга хэмжээ тооцож байгаагүй байна. Магадгүй энэ нь өнөөгийн нүүрсний гэх хулгайн эхлэл байсныг үгүйсгэхгүй юм.

Гэтэл үүнийг хуулийн байгууллагаас шалгаж тогтоох үед гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан тул эл үндэслэлээр хэргийг хааж байжээ. Энэ талаар дугаар тоот бүхий Нийслэлийн прокурорын газрын Прокурорын тогтоол дурдсан байна. 

Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2012 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдрийн 01/37 дугаартай хяналт, шалгалтын удирдамжийн дагуу "Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт явуулжээ. Уг шалгалтаар "Тавантолгой" ХК нь 2012 оны уулын ажлын төлөвлөгөөгүй, 2011 оны тайланг холбогдох газруудад хүргүүлээгүй, "Тавантолгой"-н нүүрсний 4, 8 дугаар уурхайд олборлолтын үйл ажиллагааг явуулахдаа ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас хэтрүүлэн олборлолт хийж, овоолго байрлуулсан зэрэг зөрчил илрүүлжээ. Үүнийг  үндэслэн 2012 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 28/91-3/86 дугаартай улсын байцаагчийн актаар тус компанийн уурхайн үйл ажиллагааг зөрчил арилгах хүртэл хугацаагаар зогсоох, албан шаардлагыг хүргүүлсэн байна.

Гэвч уг зөрчилд тухайн үеийн Р.Содхүү даргатай МХЕГ-аас арга хэмжээ тооцож байгаагүй аж.

Товчхондоо, МХЕГ нь хяналт шалгалт хийдэг ч зөрчил дутагдлыг арилгах шаардлага өгсөн болоод хариуцлага тооцдоггүй, магадгүй үүнийхээ хариуд авлига, хээл хахуул авдаг байхыг ч үгүйсгэхгүй юм. Ямартай ч энэ бүхэн нь хуулийн байгууллагын шалгалтаар тогтоогдсон байна. Эл үйлдэлд эрүүгийн хариуцлагад татах үндэслэлтэй ч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх шалтгаанаар хэргийг НПГ-аас хаасан гэдгийг прокурорын тогтоол дурджээ. 

Үргэлжлэл бий.