ШУУРХАЙ: С.Батдөлийг 48 цаг цагдан хориогүй бөгөөд өнөөдөр түүнийг нэг сарын хугацаатай хорих шийдвэр гаргав

2023-01-09 11:38

С.Батдөл: Миний үйлдсэн хэрэг бол хөнгөн гэмт хэрэг. Гэтэл цахимаар сэвсээр байгаад намайг цагдан хориулахаар болчихлоо

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэрт Эрүүгийн цагдаагийн албанаас нэгжлэг хийж, хахуулийн байж болзошгүй 7.3 тэрбум төгрөгийг илрүүлсэн гэх хэргээр прокурорын байгууллагаас нэг сар цагдан хорих санал гаргаж, улмаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар бид мэдээлсэн.

Тэгвэл цагдан хорионы шүүх хурлын үеэр яллагдагч С.Батдөл дараах зүйлийг онцоллоо.

Тэрбээр "Монгол Улсад шүүхийн шийдвэр гарахаас өмнө цахимаар ялладаг жишиг тогтлоо. Миний үйлдсэн хэрэг бол хөнгөн гэмт хэрэг. Заавал цагдан хорихгүйгээр гадуур байцааж болох байсан. Цахимаар сэвсээр байгаад намайг цагдан хориулахаар болчихлоо" хэмээв. 

2023-01-09 11:11

ШУУРХАЙ: С.Батдөлийг 48 цаг цагдан хориогүй бөгөөд өнөөдөр түүнийг нэг сарын хугацаатай хорих шийдвэр гаргав

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөл нь хахуулийн мөнгөөрөө олон тооны тансаг зэрэглэлийн орон сууц худалдан авахаар төлөвлөж байсан бөгөөд түүний гэрээс 7.3 тэрбум төгрөгийн бэлэн мөнгийг ЭЦА-наас хураан авсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл түүнийг тухайн үед шууд цагдан хорьж, 48 цаг саатуулаагүй бөгөөд өнөөдөр шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Тодруулбал ЭЦА-наас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр яллагдагчаар татагдсан С.Батдөлд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын саналыг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч н.Золбоо 2023 оны нэгдүгээр сарын 09-ний өдөр хэлэлцэж, нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргав.