ТОДРУУЛГА: Төрийн алба хаагчдын Үс, Хумсны урт, Гутлын өсгийнд стандарт тогтоох саналыг Хотын стандарт, хяналтын газраас боловсруулжээ

ТОДРУУЛГА: Төрийн алба хаагчдын Үс, Хумсны урт, Гутлын өсгийнд стандарт тогтоох саналыг Хотын стандарт, хяналтын газраас боловсруулжээ

Төрийн албанд ажилладаг хүмүүсийн үс, хумсны урт, ээмэгний хэмжээ, гуталны өсгий, хувцсанд стандарт тогтоож НИТХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй тухай мэдээлэл гарч зарим иргэдийн шүүмжлэлд өртөөд буй. Учир нь энэхүү шийдвэр нь иргэдийг ялгаварлан гадуурхаж, Үндсэн хууль зөрчсөн үйлдэл юм. 

Тэгвэл тус стандартыг Хотын стандарт, хяналтын газраас боловсруулж олон нийтээс санал авч эхлээд байгаа аж. Энэ талаар Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдуламаас тодруулахад "Энэ стандартыг батлаагүй хэлэлцүүлэг хэлбэрээр явуулж байна. Түүнээс батлагдаагүй байгаа шүү. Олон нийтээр хэлэлцүүлж байна. Миний хувьд бол төрийн албан хаагчдын хувцаслалтад стандарт тогтоох ёстой гэж үздэг. Тухайлбал, өндөр хөгжилтэй Япон, Солонгосын төрийн албан хаагчдад хувцаслалтын стандарт мөрдөгддөг" гэлээ. Тус стандартыг олон нийт дэмжвэл НИТХ-ээр хэлэлцүүлэх юм. Ташрамд дурдахад, Хотын стандартуудыг боловсруулж батлах ажил үргэлжилсээр байна. 

Эмэгтэй албан хаагчид:

  • Үсээ хурц өнгөөр будаж, хумсан дээрээ том, гялалзсан шигтгээ, шүр наалгахгүй
  • Хэт өндөр буюу 6 см-ээс дээш өсгийтэй гутал өмсөхгүй
  • Нарны болон гоёлын нүдний шил, этгээд загвартай контакт линз зүүхгүй
  • Даашинз, банзлын хормойн урт нь өвдөгнөөс доош 20-30 мм-ээс багагүй байна
  • Үсээ шууж боох ёстой бөгөөд хавчаар, боолт нь этгээд хэв загварын бус байх зэргийг тусгажээ.

Эрэгтэй албан хаагчид:

  • Урт хууз сахал тавихгүй
  • Үсээ зөвхөн халимгаар засуулах
  • Иргэн, хуулийн этгээдтэй шууд харилцаж, үйлчилгээ үзүүлэх эрэгтэй албан хаагч сахлаа өдөр бүр хусах
  • Зуны улиралд хөлийн хуруу гарсан углааш өмсөхгүй
  • Костюм өмсөхдөө гутал дотор спорт оймс өмсөхгүй байх зэргийг стандартад тусгасан байна.
  • Уранхай, цайралттай, хэт тод өнгийн өмд, ноосон болон хоолойтой цамц өмсөхгүй
  • Албан хаагчид ажлын байрандаа хурц үнэртэй ус хэрэглэх, биеийн ил харагдах хэсэгт шивээстэй байхыг хориглохоор болжээ.