Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг пүрэв гарагт товлолоо

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг пүрэв гарагт товлолоо

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр товлолоо.

Хуралдаанаар Ардчилсан намын дарга гэх С.Эрдэнээс ирүүлсэн “Ардчилсан намын Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай” өргөдөл болон Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Олон улсын Эрүүгийн шүүхийн шүүгчийн сонгуульд шүүгч нэр дэвшүүлэх асуудлыг тус тус хэлэлцэнэ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4 дүгээр зүйлийн зарим хэсэг, заалтыг албан ёсоор тайлбарлах тухай Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны санал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 91, 92 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг албан ёсоор тайлбарлах тухай Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны саналыг тус тус хэлэлцэхээр товложээ.

Нийт шүүгчийн хуралдааны дараа Шүүгчдийн зөвлөгөөнөөр Монгол Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний дэгд нэмэлт,  өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, Тамгын газрын 2022 оны тайлан, Ерөнхий шүүгчийн захирамжаар байгуулсан Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх арга зүйг тодорхойлох чиг үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны тайлантай тус тус танилцана.