У.Хүрэлсүх “Засаг”-аа авч үлдэхийн тулд Т.Баяртсайхан, С.Даваасүрэн нарын үгийг сонсох “хаалттай сонсгол” хийнэ

У.Хүрэлсүх “Засаг”-аа авч үлдэхийн тулд Т.Баяртсайхан, С.Даваасүрэн нарын үгийг сонсох “хаалттай сонсгол” хийнэ

-МОНГОЛ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ, СЗХ-НЫ ДАРГЫГ ОГЦРУУЛБАЛ ЗАСГИЙН ГАЗРЫН АСУУДЛЫГ ХӨНДӨНӨ ГЭСЭН ҮҮ-

Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг огцруулах эсэхийг хэлэлцэх шатанд МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан.

Уг нь УИХ-ын дарга Г.Занданшатар дээрх хүмүүсийг хариуцлагагүй ажиллаж Монгол улсыг саарал жагсаалтад оруулсан гэж үзээд  огцруулах асуудлыгнь анхлан хөндсөн. УИХ-ын дарга шахсан учраас Н.Баяртсайхан ажлаа өгөхөө мэдэгдэж, С.Даваасүрэн албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн юм. Тэдний хүсэлт болон өргөдлийг МАН-ын бүлэг, байнгын хороогоор хэлэлцээд дэмжээд явтал УИХ-аар хэлэлцэх шатанд гэнэт завсарлага авсан нь анхаарал татаад байгаа юм.  Тэр бүү хэл баригчид өөрсдийнхөө оруулж ирсэн асуудлыг гацаасанд асуудалд:

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Манай улс саарал жагсаалтад орсон асуудалтай холбоотойгоор энэ долоо хоногт Эдийн засгийн байнгын хороо сонсгол хийхээр болсон. Албан тушаалаас нь чөлөөлөх гэж буй хоёр хүнийхээ үгийг уг сонсголын үеэр сонсоно. Үүний дараа огцруулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ” гэж мэдэгдсэн.

Тэгвэл Эдийн засгийн байнгын хороо хаалттай хуралдаж энэхүү асуудлыг хэлэлцэх юм байна. Ингэхдээ ганц Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарын асуудлыг хэлэлцэхгүй. Саарал жагсаалтад оруулахад нөлөөлсөн, хариуцлагагүй ажилласан бусад хүмүүсийн асуудлыг ч хөндөнө гэх мэдээлэл байна. Тухайлбал, Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Тагнуулын Ерөнхий Газрын дарга Д.Гэрэл хариуцлага тооцох асуудлыг зарим УИХ-ын гишүүдээс хөндөхөөр болсон талаар мэдээлэл байгаа юм.

Тэр бүү хэл дээрх сайдтай хариуцлага тооцож огцруулсны дараа оронд нь хэнийг томилох талаараа ч МАН-ынхан яриад амжсан байгаа юм. Энэ талаар ЭНД дарж үзнэ үү.

Мөн МАН-ынхан Эдийн засгийн байнгын хорооны хаалттай хуралдааныг хүссэндээ хийж буй биш юм. Хэрвээ хийх байсан бол Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарын асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэхээс өмнө хуралдуулж болох байсан. Гэнэт завсарлага авсан шалтгаан нь Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болон дээрх хоёр хүний үгийг сонсохтой огт холбоогүй. Харин үүнийг дараа нь бодож олсон санаа юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН-ын 27-ийн бүлэг буюу М.Энхболдын талынхан Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарыг огцруулбал Засгийн газартай хариуцлага тооцох асуудлыг хөндөнө гэж мэдэгдсэн байна. Тодруулбал, Монгол улс саарал жагсаалтад орсон нь Засгийн газрын хариуцлагагүйнх. Тиймээс тус асуудлыг үндэслэн Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөнө гэжээ.

МАН-ын гишүүд эв түнжингүй, нааш цааш шарвасан энэ цагт У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндвөл асуудал хаашаа ч эргэж мэдэх учраас дээрх асуудлыг түр хойшлуулсан гэх мэдээлэл байна. Мөн МАН-ын 27 бүлэг талаас үнэхээр саарал жагсаалттай холбоотойгоор хариуцлага тооцох гэж байгаа бол Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нараар туг тахих бус өөр бусад сайд нарт хариуцлага тооцох ёстой гэсэн шаардлагыг тавьжээ.

Тиймээс У.Хүрэлсүх Засгийн газраа аварч үлдэхийн тулд Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нартай хамт хэдэн сайдаа огцруулах уу эсвэл өөр шийдвэр гаргах уу гэдэг нь анхаарал татаж байна.

Дашрамд дуулгахад, Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарыг М.Энхболдын хүн гэгддэг билээ.




Улаанбаатарт 28 градус дулаан байна

22 цагийн өмнө

Шуурхай мэдээ