ШУУРХАЙ: С.Батдөлийг "татвар төлөхөөс зайлхийж", "мөнгө угаасан" хэмээн яллагдагчаар татжээ

ШУУРХАЙ: С.Батдөлийг "татвар төлөхөөс зайлхийж", "мөнгө угаасан" хэмээн яллагдагчаар татжээ

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэрт Эрүүгийн цагдаагийн албанаас нэгжлэг хийж, хахуулийн байж болзошгүй 7.3 тэрбум төгрөгийг илрүүлсэн гэх хэргээр прокурорын байгууллагаас нэг сар цагдан хорих санал гаргаж, улмаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Тэгвэл татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан гэх хэргээр яллагдагчаар татсан байна. 

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос УБТЗ-ын Тээвэр зохицуулалтын албаны орлогч дарга ажилтай С.Батдөлийг

  • С.Батдөлийг 2018 оноос эхлэн үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулж олсон орлогоос их хэмжээний татварт ноогдох орлого буюу 700 орчим сая төгрөгийг Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцанд болон өөрийн гэртээ нууж татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд,
  • Мөн татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийн улмаас олсон орлого болох 7,300,000,000 төгрөгийг мэдсээр байж түүнийг ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 2022 онд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зэргээр өөрчилж байнга тогтвортой мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдэлд нь яллагдагчаар татсан байна.

С.Батдөлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Татвараас зайлсхийх/ мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь / Мөнгө угаах/ заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.

18.3 дугаар зүйл.Татвар төлөхөөс зайлсхийх

1.Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

18.6 дугаар зүйл. Мөнгө угаах:

2.Энэ гэмт хэргийг: 2.2.байнга тогтвортой үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.