"Д.Балдан-Очир Монголоос явсан" хэмээн тусгаарласан С.Эрдэнэд холбогдох элеваторын хэргийг Д.Балдан-Очир эргэж ирсэн ч дахин шалгаж эхлээгүй байна

"Д.Балдан-Очир Монголоос явсан" хэмээн тусгаарласан С.Эрдэнэд холбогдох элеваторын хэргийг Д.Балдан-Очир эргэж ирсэн ч дахин шалгаж эхлээгүй байна

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд 2019 оны есдүгээр сарын 30-ны өдөр УИХ-ын гишүүн асан Д.Балдан-Очир эхнэр, “Дархан гурил тэжээл” ХК-ийн эзэмшигч С.Намсрайжав, ХХААХҮЯ-ны Газар тариалангийн хөгжлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн М.Ариунболд нарыг баривчилсан гэх мэдээлэл цацагдаж байв.

Учир нь “Дархан гурил тэжээл” ХК нь үр тариа хадгалах зориулалттай, нийтдээ 16 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 36.0 мянган тонн багтаамжтай төмөр, бетон хийцийн элеваторын тендерт ялалт байгуулж байжээ. Гэвч “Дархан гурил тэжээл” ХК-ийн нийлүүлсэн 16 тэрбум төгрөгийн үнэтэй элеватор нь ашиглах боломжгүй, чанаргүй байснаас үүдэн Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хадгалуулсан үрийн буудайд нян бактери үржсэн, эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй, Тариалан эрхлэлтийг дэмжих санд 11 тэрбум гаруй /11,240,745,297/ төгрөгийн хохирол учруулсан нь Сангийн яамнаас хийсэн шалгалтаар тогтоогдсон гэдэг. 

Мөн энэ хэрэгт АН-ын дарга С.Эрдэнэ холбоотой хэмээн АТГ-аас шалгаж эхэлсэн байдаг. АТГ, Нийслэлийн прокурорын газраас “С.Эрдэнэ нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 зүйлд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа" гэдгийг тодотгосон. Тэгвэл “элеватор”-ын гэх хэрэг хаана “гацав” гэдгийг сурвалжиллаа. 

-Д.БАЛДАН-ОЧИРЫГ МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР ГАРЧ ЯВСАН ХЭМЭЭН  С.ЭРДЭНИЙН ХЭРГИЙГ ПРОКУРОРООС ТУСГААРЛАЖЭЭ-

“Элеватор”-ын гэх хэрэгт холбогдоод байсан “Дархан гурил тэжээл” ХК-ийн Д.Балдан-Очир нь тухайн үед хэрэгт шалгагдаж байхдаа Монгол Улсын хилээр гарч гадаад орон руу явсан гэх нөхцөл байдал тогтоогдсон тул прокуророос С.Эрдэнийн хэргийг "тусгаарласан" байна. Товчхондоо, "тусгаарласан" гэх нэрийдлээр С.Эрдэнэд холбогдох “элеватор”-ын хэрэг шийдэгдэхгүй удаашраад байгаа аж. 

Тэгвэл хэрэгт шалгагдаж байхдаа улсын хилээр гарч явсан гэх УИХ-ын гишүүн асан Д.Балдан-Очир нь гурван жил гаруйн хугацаанд гадаадын улс оронд амьдарч байгаад саяхан Монголд эргэн иржээ.

Гэвч Д.Балдан-Очир Монголд эргэн ирснийг прокурорын байгууллага мэдээгүй юу, ямартай ч хэргийг үргэлжлүүлэн шалгаж эхлээгүй байгаа аж. Тиймээс бид “Дархан гурил тэжээл” ХХК-ийн Д.Балдан-Очиртой холбогдож, элеваторын хэргээр шалгагдаж байгаа эсэхийг нь тодруулахад “Би саяхан Монголд ирсэн. Одоогоор хуулийн байгууллагаас шалгаж, дуудсан асуудал байхгүй байна. Эвдэрхий гэгдэж байсан элеватор одоо хэвийн ажиллаж байгаа гэсэн” гэх мэдээллийг өгсөн юм.

-С.ЭРДЭНИЙГ ХАХУУЛЬ АВЧ, МӨНГӨ УГААСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ХЭМЭЭН ШАЛГАЖ БАЙГАА АЖ-

Тэгвэл АН-ын дарга С.Эрдэнэд холбогдох “Элеватор”-ын хэрэг, “Капитал” банканд Нийгмийн даатгалын мөнгийг байршуулсан гэх хоёр хэргийг нэгтгэн шалгаж байгаад, Д.Балдан-Очир гадаад орон руу явсан хэмээн “элеватор”-ын гэх хэргийг нь прокурорын байгууллагаас "тусгаарласан" тул, шалгалтын ажиллагаа нь ийнхүү удааширсан гэх мэдээлэл байна. Түүнийг тус хэрэгтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйл /хахууль авах/, 18.6.2 дугаар зүйл /мөнгө угаах/ гэсэн заалтаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөх байгууллагаас шалгаж байгаа гэх мэдээлэл байна.

Учир нь С.Эрдэнэ нь хууль бусаар олж авсан мөнгөөрөө “мах боловсруулах үйлдвэр” барьсан байж болзошгүй байгаа аж.

Харин тэрбээр “элеватор”-ын гэх хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгддэг ч хэвлэлд гарсан баримтаар С.Эрдэнэ нь “Дархан гурил тэжээл” ХК-тай холбоо хамааралтай болох нь тогтоогддог. Тодруулбал, С.Эрдэнийн охин Э.Содгэрэл нь “Дархан гурил тэжээл” ХК-нд хувьцаа эзэмшдэг бол Э.Одбаяр нь ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байжээ.

Уг хэргийн талаар эргэн сануулахад, 2014 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр тухайн үеийн Үйлдвэр, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/-наас түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр Дархан-Уул аймагт үр тариа хадгалах 36 мянган тоннын багтаамжтай, төмөр бетон хийцтэй элеватор худалдан авах тендер зарласан байна. Уг тендерт “Дархан гурил тэжээл” ХК, “Хит констракшн” ХХК, “Эм Би инженеринг” ХХК материалаа бүрдүүлж өгчээ.

Улмаар “Хит констракшн” нь нэрээ татаж, “Дарханы гурил тэжээл” ХК тус тендерт шалгарсан байна. Харин ХХААХҮЯ-ны Дотоод аудитын хорооныхны шалгалтаар тендерийн хорооныхон “Дархан гурил тэжээл” ХК-ийнханд давуу байдал олгосон заалт оруулж, бусад оролцогчдод ижил, тэгш өрсөлдөх боломж олгоогүй, Түлхүүр гардуулах нөхцөлийн дагуу 1982-1983 онд барьсан хуучин барилга, байгууламжийг 15.9 тэрбум төгрөгөөр үнэлж авсан нь өмнөх жилүүдэд худалдан авсан ижил хүчин чадалтай барилга байгууламжаас гурав дахин илүү үнэтэй, ашиглалтад хүлээн авснаас хойш жил гаруй болоход хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй байгууламж Тариалан эрхлэлтийг дэмжих санд худалдан авсан нь тогтоогдсон байдаг. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны хөрөнгөөр 3.5 тэрбум төгрөгөөр хуучин элеватораа засаад, улсад 16 тэрбум төгрөгөөр үнэлж шахсан хэрэгт С.Эрдэнийг нөлөөлсөн байж болзошгүй гэгдэг юм.