LIVE: “Пирамид Орд” МоАХ-ны газрын дуудлага худалдааны үнэ болох 100 сая төгрөгийг тушаагаагүй маргаан үүсжээ

LIVE: “Пирамид Орд” МоАХ-ны газрын дуудлага худалдааны үнэ болох 100 сая төгрөгийг тушаагаагүй маргаан үүсжээ

Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос "Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол"-оор "Пирамид орд" ХХК-ийн зээлийг шинжлэн судалж байна.

“Пирамид-Орд” ХХК нь “Буман залуус-296 айлын орон сууц” төсөлд зориулж Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2017 онд 10,0 тэрбум 2018 онд 5,0 тэрбум нийт 15.0 тэрбум  төгрөгийн зээлийг 4 жилийн хугацаатай 13.44 хувийн хүүтэйгээр олгожээ.

Хөгжлийн банкнаас олгосон зээлийн дүн өнөөдрийн байдлаар 24,6 тэрбум төгрөг болоод байгаа аж. Тус компанийг зээл авч байх үед болон өнөөдрийн байдлаар компанийн нийт хувьцааг иргэн Гомбо овогтой Цолмон эзэмшиж байгаа юм. Зээлийн барьцаанд 4 ширхэг 60 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг нийт 10.0 тэрбум төгрөгөөр үнэлэн барьцаалсан бөгөөд зээл, барьцаа хөрөнгийн шаардлага хангаагүй байхад хэсэгчлэн санхүүжилтээр 15.0 тэрбум төгрөгийг санхүүжүүлсэн байна.

Мөн зээлийн барьцаа хөрөнгө болон “Ардчилсан залуучуудын холбоо”-ны нэр дээрх газрыг тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын гарын үсэгтэй тогтоолоор барьцаалсан байдаг. Өнөөдрийн байдлаар тус барилга барьсан газар нь МоАХ-ын нэр дээр байдаг ба “Пирамид Орд” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхэд 100.0 сая төгрөгийн дуудлага худалдааны үнийг МоАХ тушаагаагүй зэрэг маргаан үүсээд байгаа аж. 

Уг зээлийг эхнээс барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй байхад зээл олгосон, зээлийг зориулалтын бусаар ашигласан гэх шинжээчийн дүгнэлт гарсан байна. 

Ташрамд өгүүлэхэд, “Пирамид Орд” ХХК-ийн зүгээс нэмэлт хөрөнгө буюу үйлчилгээний талбай болон фитнес талбайг Хөгжлийн банканд санал болгоод байгаа бөгөөд хөрөнгийн үнэлгээг хийлгэн ажиллаж байна. Мөн тус компанийн хаан банкны дансанд битүүмжлэгдсэн 40.0 сая төгрөгийг зээлийн өр төлбөрт хасалт хийлгэх хүсэлт гаргаж, Хаан банканд холбогдох хүсэлтийг хүргүүлсний дагуу зээлийн өр төлбөрөөс хасалт хийлгэсэн байна. МоАХ-ны газрыг “Пирамид Орд” ХХК-д ашиглуулах тухай өмнө нийтлэлийг ЭНД ДАРЖ уншина уу.