ШУУРХАЙ: МоАХ-ны газрыг ХБ-ны барьцаанд тавих гарын үсгийг Г.Байгалмаа хуурамчаар зурсан нь тогтоогдож, Х.Баттулга хэргээс мултарчээ

ШУУРХАЙ: МоАХ-ны газрыг ХБ-ны барьцаанд тавих гарын үсгийг Г.Байгалмаа хуурамчаар зурсан нь тогтоогдож, Х.Баттулга хэргээс мултарчээ

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга асан, Монголын ардчилсан холбоо /МоАХ/-ын Удирдах зөвлөлийн гишүүн Г.Байгалмааг АТГ-аас шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлэх гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Түүнийг "Пирамид-Орд” ХХК-ийг Хөгжлийн банк /ХБ/-наас зээл авахад МоАХ-ын газрыг барьцаанд тавих зөвшөөрөл олгосон Ерөнхийлөгч асан Х.Баттулгын гарын үсгийг дуурайлгаж зурсан, хуурамч бичиг баримт үйлдсэн гэх хэргээр шалгаж байсан юм.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар Г.Байгалмаа нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын гарын үсгийг дуурайлгаж зурсан, хуурамч бичиг баримт үйлдсэн болох нь тогтоогджээ. Тиймээс эл хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэхээр болсон аж.

Х.Баттулгын гарын үсгийг хуурамчаар зурсан гэх МоАХ-ны тогтоол

МоАХ-ны газрыг Хөгжлийн банкны барьцаанд тавих зөвшөөрөлд Г.Байгалмаа нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын өмнөөс гарын үсэг зурсан ч түүнд энэхүү эрхийг Х.Баттулга өгсөн. Харин тэрбээр эл хэргийг Г.Байгалмааг хүлээх тохироог хийсэн гэх албан бус мэдээлэл байна.  

Хэргийг эргэн сануулахад, “Пирамид-Орд” ХХК нь 2018 оны зургаадугаар сард “Буман залуус 296 айлын орон сууц” барина хэмээн Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Харин зээлийнхээ барьцаанд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах МоАХ-ны нэр дээр бүртгэлтэй 9 мянга гаруй м.кв газрыг тавьсан байна. Тухайн үед МоАХ-ны ерөнхийлөгчөөр Х.Баттулга ажиллаж бөгөөд банкнаас зээл авах зөвшөөрлийг Г.Байгалмаа хуурамчаар үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал илрээд байсан юм. Мөн Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалаас буудаг өдрөө МоАХ ТББ-ыг "Монгол Улсын баатар" цолоор шагнасан билээ. Өдгөө энэхүү байгууллагыг Х.Баттулга эзэмшдэг.