З.Нарантуяа: Ерөнхийлөгчийг парламентаас сонгох саналаа тодорхой хугацаанд хойшлуулсан

З.Нарантуяа: Ерөнхийлөгчийг парламентаас сонгох саналаа тодорхой хугацаанд хойшлуулсан

УИХ-ын гишүүн З.Нарантуяагаас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

-Үндсэн хуулийн төслийн хүрээнд зөвшилцөх ажлын хэсэг хуралдлаа. Хуралдаанаар ямар шийдвэр гарав?

-Ажлын хэсэг сонгуулийн холимог тогтолцоог зарчмын хувьд дэмжиж байгаа. Холимог дотроо пропорционал, мажоритар хосолно. Хуучин бол намын жагсаалтад орсон гишүүдийг зөвхөн намын чансаагаар буюу нам дугуйлж сонгож байсан хэлбэрээр биш жагсаалтад орсон нэр дэвшигчийн нэрийг дугуйлж, сонгох замаар тухайн намын хэчнээн хүн санал авсан бэ гэдгийг тооцоолох хэлбэрээр тохирч байгаа.

-Хэрэгжих оны хувьд нэгдсэн байр сууринд хүрсэн үү?

-Дахин ярилцахаар болсон. Улс орныхоо хөгжлийн бодлогыг эрхэмлэж, жалга жалга руу төсвийн мөнгөө зарцуулдгаа больё гэвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт мөрдөгдөж эхлэх 2020 оноос хэрэгжүүлье гэдэг байр суурийг АН-ын баримталж байгаа.

-Танай намаас тавьсан гурав дахь санал нь парламентаас Ерөнхийлөгчийг сонгох. Энэ саналыг МАН-ын бүлэг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн. Саналаа татаж авах уу?

-Бидний нэн түрүүнд тавьж байгаа санал нь сонгуулийн тогтолцооны асуудал учраас хэрэгжих хугацааг нь 2020 он гэж тохирвол парламентаас Ерөнхийлөгчийг сонгох саналаа тодорхой хугацаанд хойшлуулах боломжтой гэж үзэж байгаа.

-АН-ын зөвлөлийн гишүүд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн гуравдах хэлэлцүүлэгт оролцох уу?

-Манай намын зөвлөл хуралдсаны дараа шийдвэрээ гаргана.