ЧЕХ УЛСЫН ХЭВЛЭЛ: "25 настай жирэмсэн монгол эмэгтэйг ЗЭЛҮҮД ГАЗРААС үнэрч нохой олсон" гэж мэдээлжээ

ЧЕХ УЛСЫН ХЭВЛЭЛ: "25 настай жирэмсэн монгол эмэгтэйг ЗЭЛҮҮД ГАЗРААС үнэрч нохой олсон" гэж мэдээлжээ

Энэ сарын 25 /2023.01.25/-ны өдөр Чех улсын Ческа Липа хотод амьдарч байсан монгол эмэгтэй гэрээсээ салхилах гэж гараад ор сураггүй алга болж, улмаар хоёр хоногийн дараа түүнийг нас барсан байдалтай олсон харамсалтай хэрэг гарсан билээ.

Тодруулбал, тус улсад ам бүл гурвуулаа нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, жирэмсэн 25 настай Ц алга болсон учир түүний нөхөр Ческа Липа хотын цагдаагийн албанд хандаж эрлийн баг гаргаж, тус улсад амьдардаг монголчуудын хамт эрэн хайх үйл ажиллагааг эхлүүлээд байсан юм.

Тэгвэл Чех улсын хэвлэлд энэхүү хэргийн талаар мэдээлсэн байна. Тус мэдээлэлд, “Хоёрхон долоо хоногийн дараа төрөх ёстой байсан Монгол эмэгтэйг эрэн хайх ажиллагаа эмгэнэлтэйгээр дуусжээ. Лхагва гарагийн оройноос хойш Монгол улсын иргэн 25 настай эмэгтэй сураггүй алга болж, эрэн хайж байсан ч нас барсан байдалтай олдсон гэж Ческа Липа хотын цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ивана Балакова мэдэгдлээ.

Тэрбээр, “Бид алга болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоож байна. Учир нь  нэгдүгээр сарын 27-ны өдөр 15:00 цагийн орчимд түүний цогцсыг Ческа Липагийн ойролцоох ой, задгай талбай /байгальд/ ил байсныг үнэрч нохойтойгоо явсан албан хаагч болон дрон нисгэсний хүчинд олсон” гэжээ.

Мөн одоогоор түүний үхэлд гаднын нөлөө орсон гэх ямар нэгэн шинж тэмдэг байхгүй. Гэхдээ үхлийн шалтгааныг тогтоохын тулд задлан шинжилгээ хийлгэхийг тушаасан гэсэн байна. Харин талийгаач Ц-ийн нөхрийн өгсөн мэдээллээр, “Ц нь нэгдүгээр сарын 25-ны 18:00 цагийн үед Ческа Липа дахь оршин суугаа газраасаа салхилахаар гарсан бөгөөд тэр цагаас хойш эргэж ирээгүй. Түүнд тухайн үед мөнгө, бичиг баримт, гар утас байгаагүй. Авч гараагүй” гэжээ. Нөхөр нь эхнэрээ алга болсноос хойш цагдаагийн албанд дуудлага мэдээлэл өгч  эхлээд өөрөө хайх гэж оролдсон бөгөөд нэг хоногийн дараа 18:00 цагаас цагдаагийн алба хаагчид эрэн хайж эхэлжээ. Цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч Ивана Балакова өмнө нь "Нөхөр нь түүнийг алга болсон шалтгааныг ойлгохгүй байгаа. Түүний хэлснээр алга болсон эмэгтэй алга болохоос өмнө хоорондоо маргалдсан зүйл огт байхгүй” гэж мэдүүлсэн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа гэжээ.

Иймд гадаад оронд зорчиж буй иргэдийг анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлэх үүднээс тус мэдээллийг нийтэллээ.

Эх сурвалж: Blesk