Төв аймгийн Баянчандмань сумын ЕБС-ийн есдүгээр ангийн сурагч Д.Наваанжамбал, түүний төрсөн дүү найман настай Д.Нарангэгээ нар Зүүн Өмнөд Азийн математикийн олимпиад (SEAMO)-ын дараагийн шатанд шалгарч, эх орноо төлөөлөн дэлхийд өрсөлдөхөөр зэхэж байгаа юм. Тэгвэл Isee.mn сайт энэ удаагийн “Social ID” буландаа ухаалаг ах дүүсийг онцолж байна.
ВИДЕО:
-ӨӨРИЙГӨӨ ХОЁРДУГААР БАЙРАНД ОРСНЫГ ХАРААД ЭХЭНДЭЭ ИТГЭЖ ЧАДААГҮЙ-
-Сайн уу, Нарангэгээ? Манай сайтын уншигчдад өөрийгөө танилцуулаач.
-Сайн байцгаана уу? “I See.mn” сайтыг үзэж, уншиж байгаа хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе ээ. Намайг Дашдэлэг овогтой Нарангэгээ гэдэг. Би найман настай.
-Саяхан болж өнгөрсөн олон улсын олимпиадынхаа сонин сайхнаас хуваалцаач. Маш олон хүүхэд оролцсон гэж сонссон?
-Би Зүүн Өмнөд Азийн математикийн олимпиад буюу SEAMO гэдэг нэртэй тэмцээнд орсон юм. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 25 мянган хүүхэдтэй өрсөлдөөд, нэгдүгээр шатанд нь мөнгөн медалийн болзол хангасан. Одоо хоёрдугаар шатанд нь орохын тулд Тайланд улсын Бангкок хот руу явах эрхтэй болчихоод байна.
-Анх тэнцсэн гэдгээ мэдсэн тэр агшны сэтгэгдэл ямар байв?
-Компьютер дээр дүн ороод шалгаад харсан чинь “Нарангэгээ ээ, та Тайланд руу явах нь ээ” гэчихсэн бичиг гараад ирсэн байхгүй юу. Ээж бүр аймаар баярласан. Би харчихаад, анх удаа онгоцоор нисэж, харийн орныг үзэх гэж байгаа гэж бодохоор л догдлоод, маш их баярласан даа.
-Д.Нарангэгээг цахим орчинд маани уншиж байсан таван настай сэргэлэн охин гэдгээр нь маш олон хүн таньдаг юм билээ. Тэр талаараа дурсаач?
-Би өмнө нь "Сандуйн жүд" номыг сураад эмээдээ зориулж уншдаг байсан байхгүй юу. Тэрийг маань цахим орчинд нэг сая гаруй хүн үзээд “Ямар хөөрхөн охин бэ” гээд гоё комментууд бичсэн байна лээ. Зарим нь бас “Хичээл номдоо анхаарахгүй, ном уншаад байна” гэж жоохон шүүмжилсэн. Би тэр үед таван настай байсан байх аа.

-“БИ Ч ЯАХ ВЭ ДҮҮ Л ЯВЖ БАЙВАЛ БОЛЛОО” ГЭЖ БОДСОН-
-Дүүгийн хамт олон улсын олимпиадад шалгарна гэдэг маш том амжилт. Энэхүү амжилтынхаа талаар болон өөрийнхөө талаар манай уншигчдад яриач?
-Намайг Дашдэлэг овогтой Наваанжамбал гэдэг. Төв аймгийн Баянчандмань сумын ЕБС-ийн 9-ийн В ангид сурдаг. Намайг тавдугаар ангид байхад маань хотоос хөдөө рүү шилжиж ирсэн юм. Ээж, аав хоёр ярилцаад “Хөдөө амьдаръя” гээд Баянчандмань суманд ирж байлаа. Анх ирэхэд багш нар намайг математикт сайн гэдгийг маань анзаараагүй, жоохон асуудалтай байсан л даа. Энэ удаагийн SEAMO олимпиадын хувьд багш нар маань маш их завгүй байсан болохоор би ерөнхийдөө өөрөө бие дааж бэлдсэн. Хичээлээсээ ирчихээд, гэрээнийхээ даалгаврыг хийж дуусгаад, үлдсэн цагтаа Хиймэл оюун ухаан (AI) ашиглаж, бодлогуудынхаа аргачлалыг сурч, өөрийгөө дайчилсан.11 дүгээр сарын 1-нд хариу гарахад дүү маань Мөнгөн медаль авч, би “Open Division” буюу оролцсон нийт хүүхдүүдийн шилдэг 40 хувьд багтаж, гүйцэтгэлээрээ дараагийн шатанд явах эрхээ авсан. Тэрийг сонсоод би өөрөөрөө их бахархаж, “Ер нь би хичээвэл чадах юм байна даа” гэж бодсон.
-Нэг айлын хоёр хүүхэд хамтдаа эрхээ авна гэдэг гайхалтай хэрэг. Гэхдээ зардлын асуудал хүнд тусаж байгаа гэсэн үү?
-Дүү бид хоёр хоёулаа тэнцчихээд, бэлдэж байх үедээ сургуулиас маань явахад их тус дэм болох байх, дэмжих байх гэж горьдож байсан. Тэгтэл үгүй байсан л даа. Тэгээд зардлаа сонсоод би дотроо “За, би ч яах вэ, би ер нь бараг явах хэрэггүй байх аа. Манай дүү л явж байвал боллоо” гэж бодсон. Гэхдээ боломж бүрдээд хоёулаа хамт явж чадвал маш сайн байна. Одоогоос бэлдэж байгаа. Сайн бэлдээд хоёулаа ядаж медаль аваад ирэхийг хичээнэ дээ.
-Манай агаа гэртээ бэлдэж байхдаа надад ойлгохгүй бодлогыг маань дандаа зааж өгдөг. Ахтайгаа хамт шалгарчихаад Тайланд руу хамт явна гэж бодохоор гоё санагдаж байгаа. Заавал том хүнтэй явах ёстой болохоор зардал нь их үнэтэй байгаа гэсэн. Тэгэхдээ бидэнд тусалж байгаа ах, эгч нартаа маш их баярлалаа гэж хэлье. Би заавал явахыг хичээнэ, явж чадах байх аа гэж бодож байна.

-ОДООНООС ХИЧЭЭЛЭЭ САЙН ХИЙЖ, ДУРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ХИЧЭЭГЭЭРЭЙ-
-Ярилцлагын төгсгөлд үеийнхээ хүүхдүүдэд хандаж юу хэлэх вэ?
-Д.Наваанжамбал: Үеийн хүүхдүүддээ, ах эгч, дүү нартаа хэлэхэд: Та нар ер нь одоогоос л жоохон шаргуу хичээллээд, мэрийчих л юм бол ирээдүйд өөртөө бэрхшээл үүсгэхгүй, их амжилт гаргаж чадна шүү. Одоогоос хичээл номоо сайн хийж, эсвэл ямар нэгэн хийх ёстой, хийх дуртай зүйлээрээ дагнаад, түүнийхээ хойноос тууштай зүтгээрэй гэж хэлье даа.
****
Ах дүү хоёрын тэмүүлэл зөвхөн Баянчандмань сумынх биш, Монголын ирээдүйн оюун ухааны түүчээ билээ. Тэднийг дэлхийн тайзнаа эх орныхоо нэрийг дуудуулах тэр агшинд хүрэхэд нь туслах гар сунгах иргэд, байгууллагууд олон байгаа гэдэгт итгэлтэй байна.
