Б.Мөнхдөлгөөн: Ажилд орно гэсэн зарыг маань хүмүүс тоохгүй байх гэж бодсон ч 20-30 ажлын санал ирсэн

Б.Мөнхдөлгөөн: Ажилд орно гэсэн зарыг маань хүмүүс тоохгүй байх гэж бодсон ч 20-30 ажлын санал ирсэн

Өнгөрсөн амралтын өдрүүдэд нэгэн охин “Өөрийн сонирхлын дагуу ажил хайж байна” гэх агуулгаар пост оруулсан байдаг. Түүний энэхүү пост нь цахим орчинд олон хүний анхаарлыг татаад байгаа юм. Тэгвэл бид уг зарын эзэн болох ‘Z-generation’-ний төлөөл Б.Мөнхдөлгөөн охинтой уулзаж өвөрмөц ертөнцийг нь нээж ярилцлаа. Тэрбээр Канад улсад суралцах чин хүсэл эрмэлзэлтэй бөгөөд уг мөрөөдөлдөө хүрэхийн тулд өөрийн хоббины дагуу ажил хайж байгаа ажээ.

ВИДЕО:

-Сайн байна уу. Юун түрүүнд та манай үзэгч болон уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн байна уу, намайг Б.Мөнхдөлгөөн гэдэг. Би 18 настай зураг зурах, дуулах сонирхолтой.

-Фэйсбүүк орчинд фэйж хаяг хөтөлдөг гэсэн одоогоор хэдэн дагагчтай, ямар нэртэй, ямар төрлийн хаяг хөтөлдөг вэ?

-"Dorucci loves to draw" нэртэй фэйж хаяг хөтөлдөг. Одоогоор таван мянган дагагчтай байгаа. Өөрийн сонирхлын дагуу ажил хайж байна гэх зарыг тавихаас өмнө 4500 байсан, өссөөр байгаад 5000 болчихсон. Өөрийн зурсан зураг болон зохиосон комикоо оруулдаг албан ёсны хаяг байгаа.

-Анкет хэлбэрээр зар оруулах санааг анх яаж бодож олсон бэ?

-Зар оруулах санааг нэг хүн "Би их сургуулиа төгсөөд анкет хийгээд байгууллагуудад өгсөн чинь шууд ажилд орж байсан. Ер нь ингэж хийвэл зүгээр шүү" гэсэн зөвлөмж зураг харж байсан. Тэр үйл явдлыг санаад ер нь яагаад ажлын зар бичээд, өөрийнхөө чадваруудыг тодотгож  ажил хайж болохгүй юм бэ, гэж бодсон. Тэгээд шууд нөүтбүүкээ дэлгээд хийж эхэлсэн. Дуусгаад жоохон сандарч байсан.

-Хэзээнээс комик, анимэ стайлаар зураг зурж эхэлсэн бэ?

-Ер нь багадаа зураг зураад сууж байдаг хүүхэд байсан. Тавдугаар ангиасаа Японы анимэ сонирхож эхэлсэн. Анимэ үздэг байж байгаад, манга уншдаг болсон. Үүнээс комик зурах шийдэлд хүрсэн. Ингээд л хүүхэлдэйн киноны эсвэл анимэ стайлаар зурж эхэлсэн.

-Өөрийн тань оруулсан зар дээр өвөрмөц гэж харж болохоор "хөөрхөн", "IQ өндөр" гэсэн тодорхойлолт орсон байсан. Уг хоёр тодорхойлолтыг яагаад бичсэн бэ?

-Хөөрхөн гэдгийг хөгжилтэй байх үүднээс нь бичсэн. Үүнээс болоод шоолуулах вий дээ гээд айж байсан. Бага ангиасаа IQ-гийн олимпиадад ордог байсан. Олон ч медаль, өргөмжлөл бий. Энэ чадвараа арванхоёр дугаар ангиа төгссөнөөс хойш ашиглаж чадахгүй байсан болохоор “За за, би зөндөө медальтай юм чинь” гээд биччихсэн.

-Хамгийн анхны комикоо хэзээ зурж байсан бэ. Комикийн санаагаа хаанаас олж байсан бэ?

-Хамгийн анхны комикоо зургаадугаар ангидаа зурж байсан. Зурж байх явцдаа санаагаа гаргачихдаг.

-Тухайн зарыг оруулснаас хойш ажлын санал ирж байгаа юу. Ажлын санал ирсэн бол цалин нь хүссэн хэмжээнд тусгагдсан уу?

-Одоогоор 20-30 ажлын санал ирсэн. Цалингийн хэмжээг өөрөө гаргаж байгаа. Ихэнхдээ үлгэрийн ном, комик зурах санал ирсэн. Хүмүүс тоохгүй бол тэгээд орхичихъё  гэж бодож байсан. Гэтэл миний хийсэн зар төсөөлж байснаас олон хүнд хүрч, маш олон ажлын санал ирсэн. Одоо тэр дундаасаа алийг нь сонгох вэ, гэдгийг мэдэхгүй жоохон гацалтын байдалтай  байна.

-Өөрийн тань бодлоор манай улсад анимэ, комик, дижитал зураг зурах урлаг хэр хөгжиж байгаа вэ?

-Манай үеийн болон надаас дүү хүүхдүүд комик, анимэ стайлаар маш их зурдаг болчихсон. Би тэрийг хараад өрсөлдөөн ихтэй байх юм байна даа л гэж боддог.

-Ажил хайж буй шалтгаан нь юу вэ. Ямар нэгэн зорилго тавиад явж байгаа юу?

Ажил хийх гэж байгаа хамгийн том шалтгаан нь эхлээд өөрийнхөө зургийн чадварыг хөгжүүлэх. Сургуульд явахгүй байгаа учир ээж, ааваасаа мөнгө авдаг. Энэ нь надад хэцүү санагддаг учир өөртөө байгаа чадвараараа мөнгө олж, биеэ дааж суръя гэж бодсон.

Сэтгүүлч: М.Ариунаа