ВИДЕО: Монгол-Орос-Хятадыг холбосон 745 км автозам ашиглалтад орж, гурван улсын “хамгийн дөт” коридорын ажил Баян-Өлгийд эхэлжээ

ВИДЕО: Монгол-Орос-Хятадыг холбосон 745 км автозам ашиглалтад орж, гурван улсын “хамгийн дөт” коридорын ажил Баян-Өлгийд эхэлжээ

Манай улс далайд гарцгүй ч, хуурай замын 42 боомттой. Эдгээр боомтууд логистикийн хүчин чадлын индексээрээ дэлхийн 160 улсаас 130-т жагсаж байгаа нь туйлын харамсалтай үзүүлэлт. Угтаа бол манай улс эдийн засгаа томруулахын тулд бүх боомтуудаа автозам, төмөр замаар холбох зайлшгүй шаардлагатай.

ВИДЕО: 

-ЦАГААННУУРЫН БООМТЫГ БУЛГАНЫ БООМТТОЙ 745 КМ АВТОЗАМААР ХОЛБОЖ, МОНГОЛ, ОРОС, ХЯТАДЫГ ХОЛБОСОН БОСОО ТЭНХЛЭГИЙН АВТОЗАМЫН "АНХНЫ КОРИДОР" АШИГЛАЛТАД ОРЖЭЭ-

Тэгвэл Монгол, Орос, Хятад гэсэн гурван улсыг холбосон босоо тэнхлэгийн авто замын коридор Баян-Өлгий, Ховд аймгуудад бий болсон байна. Тодруулбал, ОХУ-тай хил холбодог Баян-Өлгийн аймагт байрлах “Цагааннуурын боомт”-ыг БНХАУ-тай хиллэдэг Ховд аймгийн “Булган” боомттой 745 км хатуу хучилттай авто замаар холбож өнгөрөгч аравдугаар сарын 30 /2022.10.30/-нд ашиглалтад оруулжээ. Ингэснээр Монгол Улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглаж Хятад, Оросын хилийн боомтуудын хооронд авто замаар холбож, Ази, Европыг холбосон транзит коридороо анх удаа байгуулаад байна.

Энэхүү 745 км урттай Монгол, Орос, Хятад гэсэн гурван улсын тээврийн коридор буюу автозам нь БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өрөмч, Монгол Улсын Ховд аймгийн Булган боомт, Ховд, Баян-Өлгий аймгийн төв, Цагаануурын боомтоор дамжин ОХУ-ын Новосибирск хүртэл нийт 4500 км урттай автозамын нэг хэсэг юм. Улмаар баруун аймгуудад бараа бүтээгдэхүүний үнэ буурах, уул уурхай, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортод гаргах таатай нөхцөл бүрдсэн байна.

Энэхүү босоо тэнхлэгийн автозамын бүтээн байгуулалт нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дэвшүүлээд байгаа “Боомтын сэргэлт”-ийн бодлогыг харуулж байгаа юм. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй Засгийн газар "Боомтын сэргэлт"-ийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж одоогоор хэд хэдэн томоохон төсөл амжилттай мөн хэрэгжиж дууссан байна.

Тухайлбал, Баян-Өлгийн аймагт байрлах Цагааннуурын боомтыг Цагааннуур тосгонтой холбосон 28 км авто замын ажил өнгөрөгч наймдугаар сар /2022.08/-д дууссан байна. Харин одоо Цагаан нуурын боомтыг Даян боомттой хатуу хучилттай авто замаар холбох ажил нь эхэлжээ. Мөн өчигдөр /2023.02.01/ эхлэн Цагааннуурын боомтын чөлөөт бүсийн үйл ажиллагаа эхэлсэн байна.

-ЦАГААННУУРЫН БООМТЫГ "ДАЯН"-ЫН БООМТТОЙ АВТОЗАМААР ХОЛБОСНОО ГУРВАН УЛСЫГ ХОЛБОСОН ХАМГИЙН ДӨТ КОРИДОР БИЙ БОЛНО-

Учир нь Баян-Өлгий аймагт Цагаан нуур боомтоос гадна БНХАУ-тай хиллэдэг “Даян”-ийн боомт бас байрладаг. “Даян”-ын боомт нь Өлгий хотоос 212 киллометрын зайд оршдог ба БНХАУ-ын Шинжаан Уйгурын өөртөө засах орны Алтай аймгийн Хөхтохой хошуунд байрладаг Хуншаньзюй боомттой хил холбодог. Байгалийн хүнд ширүүн нөхцөлд байрладаг "Даян”-ийн боомтыг Хятадын тал автозамаа холбочихсон Монголын талын шийдлийг хүлээж байгаа аж.

Иймд “Даянгийн боомтын дэд бүтцэд хөрөнгө оруулалт” хийж, Хятадын автозамтай холбохоор болсон байна.

Энэ хүрээнд “Даян”-ын боомт руу автозам, эрчим хүч, шилэн кабель татах зураг төслийн тендер зарлагдсан байна. Хамгийн гол нь тус боомтыг дэд бүтэцтэй болгож, Цагаан нуурын боомттой холбосноор Монгол, Орос, Хятад гэсэн гурван улсыг холбосон “хамгийн дөт автозам”-ын коридор дахин нэгээр нэмэгдэх юм. Хэрэв “Даян” боомт дэд бүтцээр холбогдвол хязгаар нутаг эзэнтэй болохын зэрэгцээ баруун аймгуудад бараа бүтээгдэхүүний үнэ буурах, уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэх, Монгол, Орос, Хятадыг холбосон “хамгийн дөт автозам”-ын ачаа тээврийн коридор дахин нэгээр нэмэгдэх эдийн засгийн олон талын ач холбогдолтой.