Нохой хөтлөгч Б.Отгонбат: “Аадар” дуудлагатай нохой маань их хатуужилтай, албан ажилдаа маш сайн. Хамгийн дуртай зүйл нь тоглох /ВИДЕО/

Нохой хөтлөгч Б.Отгонбат: “Аадар” дуудлагатай нохой маань их хатуужилтай, албан ажилдаа маш сайн. Хамгийн дуртай зүйл нь тоглох /ВИДЕО/

Төрийн алба тэр дундаа цэрэг цагдаа хяналтын алба гэдэг хариуцлага алдаж болохгүй. Хатуу цагийн дэглэмтэй хүндэт алба. Тус албанд зүтгэхийн тулд хүнээс баггүй хатуужил, эр зоригийг шаарддаг билээ. Учир нь тэдний ажил үргэлжид эх орон, иргэн бүрийн амьтай нягт холбоотой байдаг.

Иймд өдөр шөнөгүй хатуу бэлтгэл сургуулилт хийн эл албанд зүтгэх эрх бүхий албан ажилтан болдог аж. Тэгвэл бид энэ удаагийн сурвалжилгаараа хатуу бэлтгэл сургуулилтын ард гарч, зургаан жил хяналт шалгалтын албанд үнэнч зүтгэж буй нэгэн нохойг онцоллоо. Түүнийг Аадар гэдэг. Өдгөө ИНЕГ-ын харьяа Аюулгүй байдлын хамгаалалтын албаны үнэрч нохой бөгөөд тэсрэх бөмбөгний мэргэжилтэн юм.

ВИДЕО: 

Аадар тэсрэх бөмбөг илрүүлэх уг албаны шилдэг нохдын нэг аж. Сайн сурлагатай хүүхэд, угаас авьяастай хүн гэж байдаг шиг аадар анх сурахаас эл мэргэжилтэй тун сонирхолтой юмыг хурдан сурдаг нохой байсан учир ер дөө хоёр сарын бэлтгэл сургуулилтын дараа тэсрэх бөмбөг илрүүлэх мэргэжлийн үнэмлэхээ хүртэж хөтөч Б.Орхонбатын хамт ажиллаж эхэлжээ. Энэ талаар Б.Отгонбат сэтгэгдлээ хуваалцахдаа "Аадар маань анх найман сартайгаасаа хойш надтай хамт ажиллаж байгаа миний нохой. Удахгүй тэтгэвэрт гарна. Тэгэхээр нь би өөр дээрээ авч өсгөнө. Нохой бэтгэрдэг юм гэсэн бид бараг л харцаараа ойлголцдог юм. Тэгэхээр над дээр өсөхгүй бол хэцүү байх болов уу гэж бодсон. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд нохойндоо зааж сургахаас гадна Аадараас сурах зүйл их байсан. Ажил албандаа ч гаргууд" хэмээсэн юм.

ИНЕГ-ын харьяа Аюулгүй байдлын хамгаалалтын албаны мэргэжлийн нохой бэлтгэх алба 2001 онд анх нэг нохой, нэг сургагчтайгаар үйл ажиллагаагаа эхэлжээ. Одоогоор тус алба мэргэжлийн есөн нохой, хамгаалалтын таван нохойтой үйл ажиллагаа явуулж байна. Алдаж болохгүй алба учир нохдын бэлтгэл сургуулилтад голчлон анхааран ажилладаг. Сургуулилтын дараа мэргэжлийн шалгалтыг олон хэцүү шалгуураар явуулж, ажлын байранд дадлагажуулсны эцэст сая албаны нохой болдог. Бэлтгэл сургуулилт нь амаргүй байдаг учир хоолонд нь маш сайн анхаардаг талаар АБХА-ны нохой сургагч мэргэжилтэн С.Батболд дурдаж байв.

Тэрбээр "Олон хүний амь нас, эд хөрөнгө хариуцаж байгаа нохойнууд шүү дээ. Тиймдээ ч шалгалт хатуу явагддаг. Жишээлбэл европын холбоо шалгалт авахдаа хиам, лаазалсан загас зэрэг нохойны анхаарал саринуулах эсвэл хэт хурц үнэртэх янз бүрийн юм хайрцагт нь хийдэг. Харин ноход тэр дундаас яг тэсрэх бодисоо л олдог. Тэсрэх бодисын үнэр авбал өөрийн мэдэлгүй суух юм уу, хэвтэх гээд эзнийхээ заасан үйлдлийг хийдэг. Мөн энэ нь тодорхой хэмжээтэй жижиг бодис олбол  хэвтэх, дунд хэмжээтэй бол босох, том байвал цоройх гэх мэт янз бүр байдаг.

Түүнчлэн Албаны нохойн зөвлөлөөс шалгалт авдаг. Энэхүү шалгалтад тэнцвэл нохойн хөтчид мэргэжлийн үнэмлэх, нохойнд нь гэрчилгээ олгодог. Ингээд л албаны нохой болж ажилдаа гардаг юм. Аадар гэдэг нохой манай албанд зургаа дахь жилдээ ажиллаж байгаа. Удахгүй тэтгэвэртээ гарна. Сайн суралцагчдын маань нэг.

Хүмүүс ойлгодоггүй л дээ. Нохойнуудыг маань нэг л их цалин аваад ажиладаг юм шиг бодож, шүүмжлэх нь их байдаг. Гэвч энэ хүнд албанд зүтгэж буй эдгээр нохойнуудын цалин нь зөвхөн хоол шүү дээ.

Бусад газар жаахан алдаа гаргаж болно. Манайх бол алдаж болохгүй. Бидний ажлын цаана хүний амь нас яригдаж байна. Амь нас гэдэг чинь хэчнээн үнэтэй билээ дээ" хэмээсэн юм. Ингээд Аадарын тухай түүний хөтөч, ажлын хамтрагчийн ярьсныг хүлээн авна уу.

-Сайн байна уу. Та манай үзэгч болон уншигчдад өөрсдийгөө танилцуулаач?

-Сайн байцгаана уу. Намайг Баатарын Отгонбат гэдэг. ИНЕГ-ын харьяа Аюулгүй байдал хамгаалалтын албанд нохой хөтлөгч, зохицуулагчийн ажил эрхэлдэг. Манай хамрагчийг Аадар гэдэг. Немц овчерк үүлдрийн нохой.

-Хэзээнээс эхэлж хамт ажилласан бэ. Тань дээр анх яаж ирэв?

-Аадар маань найман сартайгаасаа надтай хамт үүрэг гүйцэтгэж байгаа миний нохой. Анх хувь хүнээс над дээр ирсэн. Эзэд нь нохойгоо албанд өгье. "Тэжээх боломжгүй боллоо" гээд авч ирж өгч байсан.

-Аадарын дуртай зүйл юу вэ?

-Тоглох л байна даа.

-Аадарын чадварын хувьд?

-Ерөнхийдөө манай энэ чинь олон юм чадна. Бүх сургалтын техникээ мэднэ. Заасан бүхнийг амархан сурдаг. Өөрөө юманд их идэвхтэй, хичээл зүтгэлтэй нохой.

-Зургаан жилийн хугацаанд хамт ажиллахдаа илрүүлж байсан сонирхолтой зүйлсээс дурдвал?

-Орхигдсон эзэнгүй тээш гэж байдаг. Хүн мартсан юм уу. Зориудаар орхисон байж болзошгүй аюултай зүйл гэсэн үг л дээ. Бид хоёр нэг удаа эзэнгүй тээштэй таван мянга 600 ам.доллар олж, эзэнд нь буцаан өгч байсан. Дурдаж болох нь ийм л явдал байна даа. /инээв/

-Албаны нохой хөтчөө өглөө ирэхэд нь л зан аашийг нь хүртэл мэдэрдэг болсон байдаг гэж сонссон. Аадар та хоёрын хувьд?

-Тэгэлгүй яах вэ. Намайг баярлах болгонд дагаад хөөрч баярлана. Гуниглах үед хажууд хүрч ирээд наалдах жишээний маш мэдрэмжтэй байдаг.

-Аадар таны хэд дахь сургаж буй нохой вэ?

-Миний дөрөв дахь нохой.

-Хэзээ тэтгэвэртээ гарах вэ?

-Дараагийнх нь нохойг авсан байгаа. Одоо тэр нохойгоо сургалтад явуулж, бэлдээд яг бэлэн боллоо гэх үед энэ маань тэтгэвэртээ гарна.

-Тэтгэвэртээ гараад яах вэ?

-Би өөрөө авна. Нохой бэтгэрдэг учир санах байх,

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Та хоёрын албанд амжил хүсэе.

-Та бүхэнд бас баярлалаа.

ФОТО: