ЕС Л.Оюун-Эрдэнийн айлчлалын үеэр БНСУ-тай хамтарч  “Шинэ Хархорум” хотыг сэргээн байгуулах асуудал яригдана

ЕС Л.Оюун-Эрдэнийн айлчлалын үеэр БНСУ-тай хамтарч “Шинэ Хархорум” хотыг сэргээн байгуулах асуудал яригдана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү-гийн урилгаар 2023 оны хоёрдугаар сарын 13-17-ны өдрүүдэд тус улсад айлчилж байна. Энэхүү айлчлал нь Монгол Улс, БНСУ-ын төрийн тэргүүн нарын цахим уулзалтаар хоёр улсын харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хөгжүүлэхээр 2021 онд тохиролцсоны дараах Засгийн газрын тэргүүний түвшний анхны айлчлал юм.

Тус айлчлалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль, БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ким Жин Пё нарт тус тус бараалхана. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Хууль зүйн сайд Хан Дун Хүн, Хүний нөөцийн удирдлагын сайд Ким Сын Хо нарыг хүлээн авч уулзах ажээ.

Монгол, Солонгосын Бизнес форумын нээлтийн ажиллагаанд оролцон, тус улсын томоохон компаниуд, банк санхүүгийн байгууллагын удирдлагатай уулзалт хийж, үйл ажиллагаатай нь танилцах юм. Мөн БНСУ-д оршин суугаа монгол иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийхээр төлөвлөсөн байна. 

Уулзалт, яриа хэлэлцээний үеэр Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд Монгол Улс, БНСУ-ын Стратегийн түншлэлийн харилцааг улам бататгаж, Засгийн газрын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг худалдаа, хөрөнгө оруулалтын чухал түнш БНСУ-ын Засгийн газрын бодлоготой уялдуулан харилцан ашигтай, бие биеэ нөхсөн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг нотолно.

Энэ хүрээнд Хөшигийн хөндийд шинэ дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд БНСУ-ын ноу-хау, хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, “Шинэ Хархорум” хотыг сэргээн байгуулахтай холбогдуулан хамтран ажиллах болон газрын ховор элемент, хагас дамжуулагчийн түүхий эд нийлүүлэх зэрэг чиглэлд үр ашигтай санал солилцохоор төлөвлөжээ.

2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай уялдуулан БНСУ-аас аялал жуулчлалыг өргөнөөр татах, иргэд солилцоог дэмжих, иргэдийн эрх ашгийг хамгаалах болон монгол иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг асуудлаар тодорхой тохиролцоонд хүрэхийг зорьж ажиллана хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.