У.Тэргэл: Цахим сүлжээнд нээлттэй юм шиг харагддаг ч багадаа өөрийнхөө гадаад төрхөнд дургүй, ичимхий хүүхэд байсан /ВИДЕО/

У.Тэргэл: Цахим сүлжээнд нээлттэй юм шиг харагддаг ч багадаа өөрийнхөө гадаад төрхөнд дургүй, ичимхий хүүхэд байсан /ВИДЕО/

Сар шинийн баярыг тохиолдуулан iSee.mn сайтын Social ID дугаарын ээлжит зочноор цахим сүлжээнд өөрийн өвөрмөц хэв маягаараа олноо танигдсан У.Тэргэлтэй бид товч ярилцсаныг энэ удаа онцолж байна.

ВИДЕО:

-Сайн байна уу. Үзэгч, уншигчдадаа өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байна уу. Намайг Ууганбаярын Тэргэл гэдэг. Одоо МУИС-д Улс төр судлаач гэсэн мэргэжлээр суралцаж байгаа оюутан байна.

-Таныг цахим сүлжээнд богино reel бичлэгүүд болон тикток платформд идэвхтэй байдгаар нь хүмүүс мэдэх байх. Хамгийн анхны бичлэгээ хэзээнээс эхэлж байв?

-Инстаграм болон бусад платформууд ер нь сошиал дээр сүүлийн нэг жил хагасын хугацаанд л идэвхтэй болж эхэлсэн. Тикток анх үзэж эхлээд л “хөөх энэ охид чинь ямар хөөрхөн юм бэ, ямар гоё юм бэ” гэж хараад л өөртөө аягүй анхаараад л гоё охидыг дуурайгаад өөрөө ч хийж үзээд л тэгж л эхэлж байсан. Өөртөө итгэлтэй байх, өөрийгөө нээх тал дээр минь тусалсан юм болов уу гэж боддог.

-Ер нь олон дагагчтай болоод ирэхээр инфлүүсэр болдог гэсэн ойлголт олны дунд байдаг шүү дээ. Таны хувьд инфлүүсэр гэж ер нь юу вэ?

-Инфлүүсэр гэдэг тодорхойлолтыг би ойлгохдоо тэр хүний үзэл бодол, хандлага, байгаа байдал олонд хүрч байна, нийтийг хамарч байна. Тийм учраас аль болох зөв сэдлийг хүмүүст өгдөг, эерэг байхыг уриалдаг, ялангуяа өсвөр насныхны хувьд сэтгэл зүйн маш эмзэг, аливаа зүйлийг шууд шүүлтүүргүйгээр хүлээж авах нь элбэг байдаг учраас маш зөв зүйлийг маш нухацтайгаар хүргэдэг хүнийг л инфлүүсэр байдаг юм болов уу гэж боддог.

-Таны бага насны талаар ярилцъя. Ука ер нь багадаа ямар хүүхэд байв?

-Ер нь багадаа байсан би одоогийнхоосоо шал өөр хүүхэд байсан гэж хэлж болно. 10 жилдээ нэлээн махлаг, царай муутай, аягүй ичимхий ч гэх юм уу тийм хүүхэд байсан. Одоо сошиал дээр харьцангуй нээлттэй юм шиг харагддаг ч бага насандаа аягүй ичимхий зураг хөрөг авхуулах дургүй, гадаад төрхдөө итгэлгүй хүүхэд байлаа. Ахлах ангидаа ороод арай жаахан задраад өөрчлөгдөж эхэлсэн.

-Тикток хийж сошиалд идэвхтэй болсноос хойш таны амьдралд гарсан өөрчлөлт?

-Одоо маш олон сошиал платформууд байдаг болсон. Фейсбүүк, инстаграм, тикток гээд л... миний хувьд тикток бол стрессгүй байж чаддаг ганц орчин.

-Сар шинийн баяр дөхсөн байна шүү дээ. Сошиалд энэхүү баярыг тэмдэглэх нь зөв, буруу гэж талцаж байгаа харагдсан. Ер нь Z үеийнхний хувьд хэр ач холбогдолтой баяр юм шиг санагддаг вэ. Цагаан сартай холбоотой дурсамжаасаа хуваалцаач?

-Багаасаа өдий болтол эмээтэйгээ цуг цагаан сараа гаргадаг. Тийм учраас жил болгоны цагаан сар маш элбэг дэлбэг, ширээ дүүрэн идээ будаатай маш гоё шинэлж гаргадаг. Бага насны дурсамжид хамгийн тод үлдсэн зүйл нь яг шинийн нэгний өглөө бүгд эрт босоод л цай ундаагаа бэлдэж эхэлдэг шүү дээ. Тэгээд би багаасаа л дандаа шинийн нэгэнд ээжээс л түрүүлж босно доо гэж аягүй их хичээдэг байсан. Гэтэл яагаад ч юм шинийн нэгний өглөө жил болгон хамгийн эхэнд босчихлоо гээд харахад аль үжээ л манай ээж босчихсон цайгаа самраад зогсож байдаг юм. Өглөө босоод ээжийгээ харах л хамгийн сайхан, энэ л хамгийн сайхан дурсамж. Орчин үед бол хүмүүс “цагаан сар гэдэг бол санхүүгийн хувьд аягүй их дарамт үзүүлж байна.

Хэцүү байна. Хэдүүлээ цомхон тэмдэглэе” гэж уриалж байгаа харагдсан. Энийг бол мэдээж хэрэг буруутгахгүй.

Шинэ залуухан гэр бүлүүд бол цомхон тэмдэглэх нь зүйтэй. Гэхдээ бид нарын үе дамжиж ирсэн уламжлалт баяр учраас бид нар баярлах ёстой энэ чинь монгол тооллын шинэ жил гарч байна гэсэн үг шүү дээ тэгэхээр ирж байгаа шинэ жилээ элбэг дэлбэг сайхан угтаж авах нь зүй ёсны хэрэг. Жилээс жилд цөөрч байгаа ахмад буурай тэр хүмүүсээ хайрлаж, хүндэтгэх ёстой гэж боддог.

-Таны мөрөөдлийнхөө төлөө хийж байсан хамгийн том алхам юу вэ?

-Би бүр багаасаа аягүй биеэ даасан мундаг эмэгтэй болохыг хүсдэг байсан. Би маш бага байхдаа аавыгаа алдсан юм. Яг ээжийгээ харж өссөн. Одоо ингээд бодоход ээж минь яаж тэр амьдралыг болгож бүтээж байсан юм бол гэж их боддог. Ачийг нь хариулахын тулд миний хийж чадах хамгийн эхний зүйл бол би маш сайн боловсролтой мэдлэгтэй чадвартай эмэгтэй хүн байхыг хүссэн. Хичээж л явна даа /инээв/

-Дээр дурдсан шүү дээ. Өсвөр насныхан их эмзэг, шүүлтүүргүйгээр юм хүлээж авах нь элбэг гэж. Танаас дийлэнхдээ хүүхдүүд ямар зөвлөгөө авдаг вэ?

Өсвөр насан дээр охид, хөвгүүдийн бие бүх зүйл их өөрчлөгддөг үе. Шилжилт явагдана. Насны хувьд, сэтгэл санааны хувьд, бие махбодын хувьд, бүх зүйл өөрчлөгддөг. Тийм учраас ихэнхдээ биеэ хэрхэн авч явах вэ, миний биеийн өөрчлөлт надад таалагдахгүй байна яах хэрэгтэй вэ гээд л дийлэнхдээ иймэрхүү асуулт ирдэг.

Иймд өөрчлөлт гэдэг зүйл хэвийн зүйл шүү чиний нүүрэн дээр юм гарч болно, таргалж болно, турж болно, бие чинь яаж ч өөрчлөгдөж болно, тэр болгон өөрчлөлт чинь чиний бие дээр явагдаж байгаа учраас чи өөрөөрөө л тэрийгээ хүлээж аваад илүү тайван өөр өөртөө хайртай байгаасай гэж хэлэхийг хүсдэг. Тэрнээс биш заавал хэн нэгний нүдэнд гоё харагддаг хүн байх албагүй, чи заавал гоё биетэй, модель шиг биетэй, хөөрхөн царайтай байх албагүй зүгээр л өөр өөртөө хайртай байна, өөрийгөө өөрөөрөө хүлээж авч чадаж байна гэдэг л хамгийн чухал шүү.