Н.Удаанжаргал оргон зайлсантай холбоотойгоор “Тавантолгой төмөр зам” ХК-ийн хүмүүст "виз өгөхгүй байх" хүсэлтийг Элчин сайдын яамдад хүргүүлжээ

Н.Удаанжаргал оргон зайлсантай холбоотойгоор “Тавантолгой төмөр зам” ХК-ийн хүмүүст "виз өгөхгүй байх" хүсэлтийг Элчин сайдын яамдад хүргүүлжээ

“Тавантолгой төмөр зам” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг прокуророос яллагдагчаар татаж, интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл “Тавантолгой төмөр зам” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал нь БНСУ-руу "албан ажил"-аар гэх нэрийдлээр оргон зайлсан учир хуулийн байгууллагаас нэр бүхий улсын Элчин сайдын яаманд хандаж, “Тавантолгой төмөр зам” ХК-ийн ажилчдад "түр хугацаагаар виз гаргахгүй байх" хүсэлт хүргүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Учир нь Н.Удаанжаргалын хэрэгт холбоотойгоор нэлээд хүмүүсийг шалгаж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулж болзошгүй хэмээн ийнхүү хүсэлт хүргүүлсэн гэх мэдээлэл байна. 

Ташрамд өгүүлэхэд, “Тавантолгой төмөр зам” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг "Богдхан төмөр зам" болон үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх асуудлаар шалгаж, яллагдагчаар татсан. Харин тэрбээр  БНСУ-аар дамжин АНУ-руу оргон зайлсан байж болзошгүй байгаа учир интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн байдаг. Мөн нүүрсний хэрэгт холбоотойгоор яллагдагчаар татагдсан Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг хэргийн оролцогч нарт нөлөөлөхөөс урьдчилан сэргийлж, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирал Н.Удаанжаргал нартай уулзахыг хориглоод байгаа. 

Тэгвэл, интерполоор эрэн сурвалжилж байгаа хүмүүсээс гишүүн орны хүсэлтийн дагуу, тухайн хүний байршлыг тогтооход олон нийтийн тусламж шаардлагатай эсвэл тухайн хүн олон нийтийн аюулгүй байдалд заналхийлж болзошгүй тохиолдолд албан ёсны сайтад мэдээллийг нийтэлж эрэн сурвалжилдаг аж.

Харин бусад тохиолдолд хүний эрхийг дээдлэх үүднээс "Дэлхийн Интерполын төв"-д нэгдсэн гишүүн орны хууль хяналтын байгууллага зэрэг холбогдох байгууллагуудад мэдээллийг хүргүүлж, улмаар эрэн сурвалжлах ажиллагааг явуулдаг байна.