ЦЕГ: Шүүхээс Б.Цэгмэдэд албадан сургалтад хамруулж, 7 хоног баривчлах шийтгэл оногдуулсан

ЦЕГ: Шүүхээс Б.Цэгмэдэд албадан сургалтад хамруулж, 7 хоног баривчлах шийтгэл оногдуулсан

Бензин, мах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг эсэргүүцсэн машинтай жагсагчдыг өчигдөр Сүхбаатарын талбайгаас баривчилсан. Нийт Б.Цэгмэд нарын зургаан хүнийг саатуулсан бол өнөөдөр Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээр эл асуудлыг хэлэлцэж, жагсагчдыг долоо хоног хорих шийдвэр гаргасан нь иргэдийн нилээдгүй эсэргүүцэлтэй тулгараад байна. Тэгвэл энэ тухай ЦЕГ-аас дараах мэдээллийг гаргасан байна.

ШҮҮХЭЭС Б.ЦЭГМЭДЭД ЗАН ҮЙЛД НӨЛӨӨЛӨХ 10 ЦАГИЙН АЛБАДАН СУРГАЛТАД ХАМРУУЛЖ, 7 ХОНОГ БАРИВЧЛАХ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛСАН

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Жанжин Сүхбаатарын талбайд 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 13.40 цагийн үед Монгол Улсын Ерөнхийлөгчид Бүгд Найрамдах Португаль Улс, Испанийн Хаант Улс, Швейцарийн Холбооны Улс, Бүгд Найрамдах Хорват Улсаас хавсран суух Элчин Сайд нар “Итгэмжлэх жуух бичиг” гардуулах ёслол явагдах үеийн хэв журмын хамгаалалт авсан байх үед Баянзүрх дүүргийн дугаар хороонд оршин суугч Б.Цэгмэд нь Төрийн ордны зүүн урд хэсгээр 95-44 ӨВА улсын дугаартай жижиг оврын “Nissan” маркийн ачааны тээврийн хэрэгслийг ашиглан Сүхбаатарын талбайн гол /Төрийн тусгай хамгаалалтын бүс/-д дайран орсныг Төрийн тусгай хамгаалалтын газар болон Цагдаагийн байгууллагын алба хаагчид таслан зогсоон.

Уг үйлдэл нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 /Танхайрах/, 5.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг /Хууль бус жагсаал цуглаан зохион байгуулах/-ийг тус тус зөрсөн байх тул цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг нээн шалгаж шүүхэд шилжүүлсэн бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2019/ЗШ/432 дугаартай шийтгэврээр холбогдогч Б.Цэгмэдэд зан үйлд нөлөөлөх 10 цагийн албадан сургалтад хамруулж, 7 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВ




Өнөөдөр хонь өдөр

13 минутын өмнө