БАРИМТ: Хятадад зарах нүүрсний экспортоо Орос нэмж, дайны эдийн засгаа аварч байхад Монголын нүүрс Х.Баттулгын “мухар төмөр зам” дээр гацаж, зөвлөгөө авах тендер зарлажээ

БАРИМТ: Хятадад зарах нүүрсний экспортоо Орос нэмж, дайны эдийн засгаа аварч байхад Монголын нүүрс Х.Баттулгын “мухар төмөр зам” дээр гацаж, зөвлөгөө авах тендер зарлажээ

Энэ долоо хоногт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Үндсэн хууль өөрчлөгдөж, холимог тогтолцоонд шилжвэл УИХ-ын сонгуулийг ирэх намар хийхээс татгалзахгүй” гэж хэлсэн нь улс төрийн онцлох мэдэгдэл байлаа. Харин нөгөө талд валют өсөж, ам.долларыг зарах ханш 3544, юань 516 төгрөг болсон байна. Улмаар үүнийг дагаад бүтээгдэхүүний үнэ ч их хэмжээгээр өсжээ. Гэтэл валютын ханшийн өсөлт нь нүүрсний экспорттой шууд холбоотой.

Тодруулбал, Эрдэнэс тавантолгой ХК жилдээ 30 сая тонн нүүрсийг БНХАУ-д худалдаалдаг. Хэрэв Эрдэнэс тавантолгой ХК нүүрсээ Хятадын “Ганц мод” боомт руу төмөр замаар тээвэрлэдэг байсан бол энэ тоо хоёр дахин нэмэгдэж, валютын ханш ч тогтвортой байх боломжтой гэдэг.

-БНХАУ-Д ХУДАЛДСАН ОРОСЫН НҮҮРС ӨНГӨРСӨН ОНД 68 САЯ ТОНН БОЛОН ӨСӨЖ ЭДИЙН ЗАСГАА УНАЛТААС АВАРЧЭЭ-

Товчхондоо, “нүүрс” бол Монголын эдийн засгийг томруулах, валютын нөөцийг нэмэгдүүлж, ханшийг тогтвортой байлгах экспортын гол бүтээгдэхүүн. Сонирхуулахад, ОХУ-ын эдийн засгийг 2022 онд 12 хувиар унана гэж олон улсын санхүүгийн байгууллагууд тооцоолж байсан. Гэтэл өнгөрсөн онд Оросын эдийн засаг ердөө 2.1 хувиар буурсан байна.

Ийнхүү ОХУ-ын эдийн засаг таамаглаж байснаас бага унасан нь Энэтхэг, Хятад гэсэн хоёр улсад эрчим хүчний бүтээгдэхүүнээ хямдралтай үнээр худалдаалж эхэлсэнтэй холбоотой аж.

Учир нь Украинд дайн өдөөснөөс болж Оросын эрчим хүчний бүтээгдэхүүний арилжаа барууны орнуудад хаагдсан тул дэлхийн хамгийн их хүн амтай Энэтхэг, Хятад гэсэн хоёр улсад нүүрс, газрын тос, байгалийн хий гэсэн эрчим хүчний бүтээгдэхүүнээ хямдралтай үнээр ОХУ экспортолж эхэлсэн байна. Тодруулбал, Оросоос Хятадад нийлүүлсэн нүүрсний экспортын хэмжээ өнгөрсөн онд 20 хувиар нэмэгдэж нийт 68 сая тонн болж өссөн байна. Харин өнгөрсөн 2022 онд Оросоос Энэтхэг рүү 161 сая тонн эрчим хүчний нүүрсийг экспортод гаргасан нь ОХУ “дайны эдийн засгаа аварч” үлдэхэд нөлөөлсөн гэж “Aljazeera” агентлаг мэдээлжээ. Нөгөө талаар Орос, Украины дайны асуудалд Энэтхэг, Хятад улсууд төвийг сахисан байр суурь илэрхийлж байгаа нь ч үүнтэй холбоотой аж.

-ОРОС, ХЯТАДЫГ ХОЛБОСОН НАРИЙН ЦАРИГТАЙ ТӨМӨР ЗАМ АШИГЛАЛТАД ОРЖ НҮҮРСЭЭ ЗӨӨЖ ЭХЭЛСЭН БОЛ МОНГОЛ “МУХАР” ТӨМӨР ЗАМ ДЭЭРЭЭ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕНДЕР ЗАРЛАВ-

Харин манай улс төмөр замгүйн улмаас жилдээ 30 сая тонн нүүрсийг автомашинаар тээвэрлэн БНХАУ-д нийлүүлдэг. Хэрэв Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаа 2014 онд “нарийн цариг”-тай барьж ашиглалтад оруулсан бол Оросын адил 68 сая тонн нүүрсийг өнөөдөр экспортод гаргаж валютын ханш ч тогтвортой байх боломж байсан.

Гэтэл Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2014 онд “100 чухал сэдэв” гэх нэвтрүүлэгт оролцож, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг “нарийн цариг”-аар баривал Хятадын танк орж ирнэ хэмээж шуугиан тарьж байв. Мөн тэрээр 2017 онд Ерөнхийлөгч болсон даруйдаа Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км, Тавантолгой-Гашуунсухайтын 233,6 км төмөр замыг хувийн хэвшил болоод цэргүүдээр “бүдүүн цариг”-тай бариулж эхэлсэн. Учир нь Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед /2020.05.13/ Үндсэн хуулийн цэцийн хурлаар “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр зам“нарийн цариг”-тай байна гэж УИХ-ын 2014 онд баталсан 64 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон юм.

Үндсэн хуулийн цэц дээр 2020 онд хүчингүй болсон УИХ-ын 64 дүгээр тогтоол

Харин өдгөө Х.Баттулгын үед баригдсан Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн бүдүүн царигтай төмөр зам Хятадын нарийн царигтай замтай холбогдож чадалгүй “мухар” зам бий болоод байгаа.

Тэгвэл өнгөрөгч Даваа гараг /2023.02.27/-т Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/, иж бүрэн ажлын зураг төсөл боловсруулах “зөвлөх үйлчилгээ”-г гүйцэтгүүлэхээр 20 тэрбум төгрөгийн тендерийг Тавантолгой төмөр зам компаниас зарласан байна. Товчхондоо,  Орос, Хятадыг холбосон нарийн царигтай төмөр зам аль хэдийн ашиглалтад орж, ОХУ-ын дайны эдийн засгийг “нүүрс” нь аварч байхад, Монгол Улс нүүрсээ зөөх төмөр замаа 10 гаруй жил ярьж, эцэст нь монголын нүүрс “мухар төмөр зам дээрээ ирж тулаад, зөвлөгөө авах тендер зарлагдсан” байна. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Тавантолгой төмөр зам компанийн зарласан "зөвлөх үйлчилгээ"-ний тендер