Эрдэнэс монгол ХХК-нд ажилд орох "сонгон шалгаруулалт"-д нэгдүгээр байранд орсон ч ажилтай болж чадаагүй иргэд С.Наранцогтыг АТГ-т шалгуулна гэжээ

Эрдэнэс монгол ХХК-нд ажилд орох "сонгон шалгаруулалт"-д нэгдүгээр байранд орсон ч ажилтай болж чадаагүй иргэд С.Наранцогтыг АТГ-т шалгуулна гэжээ

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн зарласан нээлттэй сонгон шалгаруулалтын тестийн шатанд нэгдүгээр байранд орсон хэдий ч ажилд орж чадаагүй иргэд тус компанийн захирал С.Наранцогтыг Авлигатай тэмцэн газарт өгч шалгуулахаар болжээ. 

Тодруулбал, 2022 оны арванхоёрдугаар сард ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэс Монгол” компани байгуулагдаад 15 жил болсон ч үндсэн үүргээ бүрэн дүүрэн амжилттай хэрэгжүүлж чадаагүй гэсэн дүгнэлтийг Засгийн газар хийсэн. Эрдэнэс Монголд өндөр ур чадвартай мэргэжилтэнтэй , цалин хангамжаар Монголдоо толгой цохих хэмжээний компани байх учиртай. Тийм бүтэц зохион байгуулалтыг шинэчилж 88 ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт явуулна хэмээсэн юм.

Улмаар “Эрдэнэс Монгол” ХХК-ны ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад давхардсан тоогоор 3400 орчим хүн анкет өгч, бүртгүүлсэн. Давхардаагүй тоогоор 2900 хүн мэдээллээ ирүүлсэн. Үүнээс 2084 хүн шалгалтад оролцох боломжтой болсон ч 1215 хүн сорилын шалгалт өгч, дүнг олон нийтэд ил тод, нээлттэй хэлбэрээр танилцуулсан. Дараагийн шат буюу ярилцлагын шалгалт нэгдүгээр сарын 30-наас эхлэн дөрвөн өдөр үргэлжилж “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтын ялагчдыг зарласан.

Энэ үеэр "Эрдэнэс Монгол" компанийн нээлттэй, нөөц бүрдүүлэх ажлын байрны сонгон шалгаруулалтын ажлын хэсэг “Ярилцлагыг олон улсын стандартад нийцсэн аргачлалаар боловсруулж, үйл явцыг хөндлөнгийн шинжээчдийн багийн хяналт дор явуулсан. Тестийн шалгалт, ярилцлагын нэгдсэн дүнг ажлын байр тус бүр эрэмбэлэн нэгтгэж, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогтод хүлээлгэн өглөө” гэсэн юм.

Уг шалгалтад нийт 70 оноо авахаас хамгийн өндөр оноотой шалгаруулалтад оролцогч 61 оноо авч, хамгийн баг оноотой шалгаруулалтад оролцогч 11 оноо авчээ. 

Үүний дараа ажлын хэсгээс эрэмбэлсэн жагсаалтаас хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчдийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага тухайн зарлагдсан албан тушаалд томилох ажил явагдсан юм.

Тэгвэл "Эрдэнэс Монгол" ХХК-ийн зарласан нээлттэй сонгон шалгаруулалтын тестийн шатанд нэгдүгээр байранд орсон хэдий ч ажилд орж чадаагүй хүмүүс нийлж С.Наранцогтыг Авлигатай тэмцэн газарт өгч шалгуулахаар болжээ. Мөн шалгалтад орсон иргэд энэ талаар санал нэгдэж, шалгалтын үр дүнд итгэлгүй байгаагаа цахим орчинд илэрхийлээд байна.

Дийлэнх ажилд шалгуулагчдын үзэж буйгаар ярилцлагын шалгалт хүнийг эрэмбэлж зохих оноог тавилгүй зарим нэг хүмүүсийг хэт өндөрөөр үнэлсэн байж болзошгүй хэмээн үзжээ.

Сануулахад, "Нээлттэй сонгон шалгаруулсан" гэх "Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал С.Наранцогт хамт ажиллаж байсан М.Золжаргалыг удирдлагын багтаа авсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу. Тодруулбал,  "Эрдэнэс Монгол"-ын ажлын байрны сонгон шалгаруулалтад Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүн, нэр дэвшүүлэх хорооны даргаар ажиллаж байхдаа “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан" хэмээн шүүгдэж байгаа хүнийг шалгаруулсан нь магадгүй Хөгжлийн банкны ТУЗ-д хамт ажиллаж байсан,  "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогтын оролцоо байсан уу гэх хардлагыг төрүүлж буй юм.