Хууль зүйн сайд Х.Нямбаатар Ерөнхий сайдын өгсөн албан даалгаврын дагуу “Шувуу” ажиллагааны хүрээнд мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлсан 92 хүнийг гадаад улсаас авчрах чиглэлд хууль хяналтын байгууллагууд ажлаа эрчимжүүлж байгаа талаар мэдээлсэн.
Эдгээр хүмүүсийн дотор авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа оргон зайлсан долоон хүн байгаа. Үүн дээр яллагдагчаар татагдахаасаа өмнө оргон зайлсан иргэн Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нарыг мөн энэ хүрээнд авчирна гэдгийг тодотгосон.
Тэгвэл “Шувуу” ажиллагааны хүрээнд авчрах авлига албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан эрхмүүд хэн байв. Авлига албан тушаалын гэмт хэргийг харьяаллын дагуу АТГ-аас мөрдөн шалгадаг.
Тус газраас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай, "Тавантолгой төмөр зам" компанийн Гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал, Замын-Үүдийн цагдаагийн хэлтсийн дарга байсан А.Үржинбадам, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан Сандагдоржийн Төмөрбат, Пандийгийн Болортуяа, Төмөрсүхийн Отгонбаатар, Батсуурийн Мөнхзул, Туяагийн Даниел нарыг авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байсан бөгөөд тэд энэ үедээ оргон зайлсан байна.
- Туяагийн Даниел нь Худалдаа, хөгжлийн банкнаас 1.5 тэрбум төгрөгийн зээл авахын тулд тус банкны салбарын захирал Э.Мөнхбаатарт хахууль өгсөн хэрэгт холбогджээ. Тэрбээр Монгол Улсад амьдарч байхдаа “Кевико” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, “Майди поон” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан байна.
- Сандагдоржийн Төмөрбат Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан С.Төмөрбат нь тус албанд ажиллаж байхдаа Салхитын мөнгөний ордын хэрэгт ээж, Гавьяат хуульч Л.Бямбаагийн хамт холбогдсон байдаг. Улмаар тэрбээр АНУ руу оргон зайлсан гэж буй.
- Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг "Оюутолгой" төсөл, далд уурхайн санхүүжилтийн гэрээтэй холбоотойгоор АТГ-аас шалгаж байв. Тэрбээр тухайн үед эрүүл мэндийн шалтгаанаар БНСУ-ыг зорьсон бөгөөд өнөөг хүртэл эх орондоо буцаж ирээгүй байгаа юм.
- Түнжингийн Бадамжунай Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунайг улсын төсвөөс 500 сая төгрөг завшсан, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр шалгаж байсан аж. Тодруулбал түүнийг сайдын алба эрхэлж байхдаа Завхан аймгийн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ хэмээн улсын төсвөөс 500 сая төгрөг гаргуулж авсан хэмээн буруутган шалгаж байжээ. Түүнд холбогдох хэргийг мөрдөх шалгах ажиллагаа явагдсан ч яллагдагчаар татаагүй байсан юм. Харин саяхан түүнийг яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорт хүргүүлсэн бөгөөд яллагдагчаар татах шийдвэр одоогоор гараагүй байгаа талаар эх сурвалж мэдээлсэн.
- Норовсамбуугийн Удаанжаргал "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг Богдхан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргээр шалгаж байгаа. Тэрбээр мөн л хэргийг шалгаж эхэлсэн гэх мэдээллийн дараахан албан ажлаар хэмээн БНСУ-ыг зориод эх орондоо өнөөг хүртэл эргэж ирээгүй байгаа юм. Түүнд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, яллагдагчаар татаад байгаа юм.
- А.Үржинбадам Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь Цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, хурандаа А.Үржинбадам нь бусдыг залилсан хэргээр одоогоос 20 орчим жилийн өмнө Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгагдаж байжээ.
Товчхондоо авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа оргон зайлсан дээрх нэр бүхий хүмүүсийг хууль журмын дагуу эх орондоо авчрах ажлыг хуулийн байгууллагаас зохион байгуулахаар ажиллаж байгаа юм. Эдгээр хүмүүсийг шууд дайчлан баривчлах нь хууль эрх зүйн хувьд боломжгүй учир эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээтэй улс орнуудын хууль сахиулагч нараар дамжуулж ажиллагаа явуулах аж.