ШУУРХАЙ: Ховд аймагт нас барсан 15 настай охины талаар "цагдаад мэдэгдээгүй" хэмээн эмч нарыг шалгаж эхэлжээ

ШУУРХАЙ: Ховд аймагт нас барсан 15 настай охины талаар "цагдаад мэдэгдээгүй" хэмээн эмч нарыг шалгаж эхэлжээ

Ховд аймгийн Жаргалант сумын Наран багт амьдарч байсан 15 настай охин өнгөрсөн нэгдүгээр сарын 28-ны өдөр /2023.01.28/ бусдын гарт амиа алдсан байж болзошгүй харамсалтай хэрэг гарсан билээ.

Тэгвэл талийгаач охины хэрэгт Ховд аймгийн Жаргалант сумын Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч нарыг холбогдуулан шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн сайдын 2019 оны А293 дугаар тушаалын 5.7 дугаарт "Үйлчлүүлэгчийн өвчин эмгэг нь гаднын нөлөөтэй үүсгэгдсэн "гэмт хэргийн шинжтэй" бол цагдаагийн байгууллагад мэдээлнэ" гэж заажээ. Гэвч Ховд аймгийн Жаргалант сумын Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч нар дээрх 15 настай охины талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй аж. Тиймээс хуулийн байгууллагаас тус хэрэгт эмч нарыг холбогдуулан шалгаж эхэлсэн байна. 

Эрүүл мэндийн сайдын А293 дугаар тушаал

-ХӨНГӨН ГЭМТЭЛ, ИДЭЭТ ҮРЭВСЛИЙН УЛМААС НАС БАРСАН ГЭСЭН ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ДҮГНЭЛТ ГАРЧЭЭ-

Хэргийн талаар эргэн сануулахад, Ховд аймгийн Жаргалант сумын Наран багт амьдарч байсан 15 настай охин өнгөрсөн нэгдүгээр сарын 28-ны өдөр /2023.01.28/ бусдын гарт амиа алдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Үүний дараа талийгаачийг үе тэнгийнх нь дөрвөн охин зодож улмаар тархины бяцралтын улмаас амь насаа алдсан гэх мэдээллийг ар гэрийнхэн нь хэвлэлд өгч байв.

Харин ЦЕГ-аас гарсан шалгалтын ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааны явцад "15 настай охиныг үе тэнгийнх нь хүүхдүүд биш, нагац эгч нь хөнөөсөн байж болзошгүй нөхцөл байдал илрүүлсэн байдаг.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр "Ховд аймагт толгойдоо оёдол тавиулсан 15 настай эмэгтэй эмчлэгдэж байгаад нас барсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тус хэрэгт ЦЕГ-аас ажлын хэсэг байгуулагдаж мөрдөн шалгах ажиллагааны үеэр 15 настай охиныг гэр бүлийн хамаарал бүхий иргэн Ж гэгч нь тус хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Улмаар түүнийг яллагдагчаар татсан бөгөөд тэрбээр гэмт хэргээ нуун дарагдуулах зорилгоор хажуудаа байсан гэрчтэй үгсэн тохиролцож, хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан дөрвөн хүүхдэд зодуулж нас барсан гэх худал мэдээлэл өгч мөрдөн байцаах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан байна" гэдгийг тодотгож байсан. 

Тэгвэл талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлт саяхан гарчээ. Тус дүгнэлтээр талийгаач нь "хөнгөн гэмтэл, идээт үрэвслээр нас барсан" болох нь тогтоогдсон байна. 

Ямартай ч Ховд аймагт үе тэнгийнх нь дөрвөн охин зодож амь насыг нь хөнөөсөн гэгдэж байсан 15 настай охины хэрэгт нагац эгч Ж гэгч болон Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч нарыг холбогдуулан шалгаж байгаа аж.