Нэгүүн.мн сайтын эрхлэгч Л.Баяржаргалд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ

Нэгүүн.мн сайтын эрхлэгч Л.Баяржаргалд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ

Мөрдөх байгууллагаас Нэгүүн.мн сайтын эрхлэгч Л.Баяржаргалд холбогдох Эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, улмаар яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ. 

Тодруулбал, Мөрдөх байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Баяржаргалд яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар хэргийг прокурорт шилжүүлсэн байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйл.Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх

1.Бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Ташрамд өгүүлэхэд, прокуророос түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх 2023 оны гуравдугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болоод шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын санал, тайлбар зэргийг судалж үзээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл тогтоогдоогүй тул прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж яллагдагч Л.Баяржаргалд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байдаг юм.