ШУУРХАЙ: Ерөнхийлөгч асан Х.Баттулгын гомдол болох С.Баярцогтын асуудлаар Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэхээс татгалзжээ

ШУУРХАЙ: Ерөнхийлөгч асан Х.Баттулгын гомдол болох С.Баярцогтын асуудлаар Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэхээс татгалзжээ

Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын гомдолд маргаан үүсгэхээс татгалзсан талаар эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, АН-ын даргыг тодруулах хурлын өмнөхөн буюу нэгдүгээр сард 16 /2023.01.16/-ны өдөр Ерөнхийлөгч асан Х.Баттулга Сингапур улсаас яаран ирж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг Сангийн сайд асан С.Баярцогтын асуудлаар шалгуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандсан.

Х.Баттулга тухайн үед "С.Баярцогт нарт холбогдох Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны долдугаар сарын 17-ны өдрийн 507 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны арванхоёрдугаар сарын 03-ны өдрийн 14/54 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн шүүх танхимын 2021 оны тавдугаар сарын 19-ны өдрийн 238-р тогтоол зэрэг нэг мөр хянан шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Хяналтын шатны шүүхийн тогтоол, шүүхийн эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй гэж заасныг зөрчиж, эрүүгийн хэргийн нэгдсэн шүүгчдийн хуралдаан гэж хуульд байхгүй “механизм”-ыг ашиглан хэргийг хянан шийдвэрлэсэн асуудлаар шалгуулахаар гомдол гаргасан" гэдгээ тодотгож байсан юм.  

Товчхондоо, Ерөнхийлөгч асан Х.Баттулга АН-ын даргын сонгуультай эхлэхтэй зэрэгцэн нэр дэвшигч С.Баярцогтын асуудлаар Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг шалгуулахаар Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан байдаг. Тэгвэл Үндсэн хуулийн цэц Х.Баттулгын улс төрийн зорилготой "гомдолд маргаан үүсгэх"-ээс татгалзсан байна.