АТГ: 40 хуулийн этгээдийн арилжааны зарлагын гүйлгээ, дөрвөн иргэний 3.2 тэрбум төгрөгийн үнэт цаасны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан

АТГ: 40 хуулийн этгээдийн арилжааны зарлагын гүйлгээ, дөрвөн иргэний 3.2 тэрбум төгрөгийн үнэт цаасны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан

Хувьцаа, арилжааны банканд зарлагын гүйлгээ, 94 үл хөдлөх хөрөнгө, 48 тээврийн хэрэгсэл, 3.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт цаасны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байна.

Тодруулбал, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Батбилэг “Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах таван толгойн бүлэг орд газраас “Эрдэнэс Тавантонгой” ХК болон орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК нүүрс олборлох, борлуулах, тээвэрлэх, улсын хилээр нэвтрүүлэх, төмөр замын бүтээн байгуулалт, барилгын ажил гүйцэтгэх,  бараа ажил үйлчилгээ худалдан авах тендер сонгох үйл ажиллагаанд эрх мэдэл, давуу байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан, мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагааг ажлын хэсэг явуулж байгаа. Одоогийн байдлаар ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн 25, мөрдөн байцаалтын 17 буюу нийт 42 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.

Энэ хугацаанд хил хамгаалах байгууллага, гааль, авто тээврийн үндэсний төвийн эрх бүхий албан тушаалтнууд нь хууль бусаар гаалийн бүрдүүлэлтгүй тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлсэн. Үүний хариуд хахууль авсан , мөн олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгохдоо бусдаас хахууль авсан тухай нийт 42 яллагдагчид холбогдох гурван хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж шүүхэд шилжүүлсэн байна. Энэ хугацаанд эд мөрийн баримтыг илрүүлэх, бэхжүүлэх зорилгоор нэгжлэг хийх ажиллагааг 166 объектод явуулж, хүний бие, эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 437 удаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдоос 1032 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, хөрөнгийн үнэлгээ, бичиг техникийн шинжилгээ хийх ажиллагааг 25 удаа, байгууллага, аж ахуй нэгж, иргэнээс 973 удаа баримт материал гаргуулан авсан болон бусад мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна. Өнгөрсөн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаагаар нийт 85 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан бөгөөд үүний 48 нь нийтийн албан тушаалтан байна.

Үүнд улс төрд нөлөө бүхий этгээд УИХ-ын гишүүн зургаа, зам тээврийн хөгжлийн сайд асан нэг, Төрийн нарийн бичгийн дарга асан нэг, Аймаг, сумын засаг дарга дөрөв, ИТХ-ын дарга нэг, УИХ-ын гишүүний зөвлөх нэг, Гаалийн улсын байцаагч 12, Хил хамгаалах байгууллагын дөрөв, АТҮТ, ТҮГ-ын дөрвөн албан тушаалтан, Өмнөговь аймгийн газрын харилцаа, зохион байгуулалтын газрын даамал хоёр, боомтын захиргааны мэргэжилтэн хоёр, Эрдэнэс таван толгой ХК-ны эрх бүхий албан тушаалтан долоо, Таван толгой төмөр зам ХК-н гурав, нэр бүхий хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан 15, иргэн 22 тус тус яллагдагчаар татагдан шалгагдсан байна. Үүний 24 албан тушаалтныг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, 14 албан тушаалтныг хахууль авсан, 26 иргэн, албан тушаалтныг хахууль өгөх, 21 албан тушаалтныг мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байна. Одоо шалгаж буй хэргүүдэд найман яллагдагч цагдан хоригдож байгаа. Үүнээс гадна улсын хилээр гарахыг хязгаарласан 41, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн дөрөв, хувийн баталгаа авах, таслан сэргийлэх арга хэмжээг 26 яллагдагчид авсан. Хохирол нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах, хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор хөрөнгө битүүмжлэх үйл ажиллагаа явуулж, мөн үл хөрөнгө, улсын бүртгэл, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн, банк бусад санхүүгийн байгууллагат байгаа мөнгөн хөрөнгийн хөдөлгөөний гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хянах ажиллагааг явуулах хүрээнд 94 үл хөдлөх хөрөнгө, 48 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг таван газар, хоёр хуулийн этгээдийн хувьцаа, 35 иргэн, 40 хуулийн этгээдийн арилжааны банканд зарлагын гүйлгээ, дөрвөн иргэний 3.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт цаасны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тоо мэдээлэл байна” хэмээлээ.