Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрсдийгөө шагнасан, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан хэрэгт холбогдож өнгөрсөн онд шүүхээс ял сонсож байсан билээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ж.Гансүхийг бусадтай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэм буруутайд тооцож, шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 15 сая төгрөгөөр торгох ял оноосон байдаг.
Харин Захиргааны тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Булганчимэгийг мөн зүйл ангиар буруутган нийтийн албанд томилогдох эрхийг дөрөв жилийн хугацаагаар хасаж, 14 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм. Тэгвэл тус хэрэгт холбогдсон хүмүүс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан аж.
Уг гомдлыг өнөөдөр Улсын Дээд шүүх хянан хэлэлцэх аж. Тодотговол, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны есдүгээр сарын 06-ны өдрийн 1302 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1194 дүгээр магадлалтай, Ж.Гансүх, Д.Булганчимэг нарт холбогдох 12 хавтас хэргийг шүүгдэгч Ж.Гансүх, шүүгдэгч Д.Булганчимэг, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл, Д.Гансүх, иргэний хариуцагч Ц.Эрдэнэхүү, А.Батжаргал, Ю.Лувсанцэрэн, Г.Сүрэнтамжид нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэх юм.