Мөрдөх байгууллагаас Нэгүүн.мн сайтын эрхлэгч Л.Баяржаргалд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Нэгүүн.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Л.Баяржаргал, иргэн А нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, прокуророос Нэгүүн.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Л.Баяржаргал нь 2021 онд иргэн А-аас 2.000.000 төгрөг авч, иргэн Э-ийн нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг бэлтгэн Нэгүүн.мн сайтад байршуулан олон нийтэд тараасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
13.14 дүгээр зүйл. Худал мэдээлэл тараах
1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.