Р.Бадамдамдин: Эрчим хүчний үнээ чөлөөлчихвөл том хөрөнгө оруулалт татах боломж бүрдэнэ

Р.Бадамдамдин: Эрчим хүчний үнээ чөлөөлчихвөл том хөрөнгө оруулалт татах боломж бүрдэнэ

Цөмийн физикч Р.Бадамдамдинтай ногоон эрчим хүчний талаар ярилцлаа.

-Ногоон эрчим хүч гэж юу вэ гэдгээс яриагаа эхэлье?

-Юуны өмнө байгалийн гаралтай шатдаг түлшээр ажилладаг цахилгаан үүсгүүрээс татгалзаж ногоон эрчим хүчинд шилжих нь дэлхийн эрчим хүчний хөгжлийн гол чиг хандлага болсныг онцолмоор байна. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралд хүний үйл ажиллагаа нөлөөлж байгаа учраас ногоон эрчим хүч рүү онцгой анхаараад эхэлчихлээ. Өмнө нь ногоон эрчим хүч гэдэгт нар, салхи, ус зэрэг сэргээгдэх эрчим хүчийг голчлон тооцдог байсан бол одоо цөмийн эрчим хүч нэмэгдсэн гэсэн үг. Европын холбоо өнгөрөгч оноос цөмийн эрчим хүчийг ногоон эрчим хүчний ангилалд оруулсан юм. Сэргээгдэх болон цөмийн эрчим хүчний эх үүсвэрээр устөрөгчийн үйлдвэрлэлийг хөгжүүлснээр эрчим хүчний салбарт хувьсгалт өөрчлөлт хийгдэнэ гэх сэдлээр асар их хэмжээний хөрөнгө оруулалт энэ салбар руу чиглэх эхлэлийг тавиад байна.

-Манай улс ногоон эрчим хүчний хувьд дэлхийн улсуудын өмнө ямар үүрэг амлалт өгсөн байдаг юм бол?

-Монгол Улс  уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хэлэлцээрүүдэд нэгдэн орж, хүлэмжийн хийн ялгарлаа тодорхой хэмжээгээр бууруулах хугацаа, тоо хэмжээ заасан үүрэг амлалт авчихсан улс. Тэгэхээр сая миний онцолсон  чиг хандлагад өөрт ашигтай байдлаар нэгдэн үсрэнгүй хөгжлийнхөө үе шатанд ороод буй энэ салбарын шинэ техник технологийг гадаадын шууд хөрөнгө оруулалтаар дамжуулан авах боломжтой. Тэгж чадвал олон өгөөж бий болно. Хөрөнгө оруулалтын урсгал татна гэдэг маш том давуу тал. Мөн эрчим хүчээр найдвартай хангах гэсэн өгөөж байна. Ингэснээр утаа болон орчны бохирдлын тулгамдсан асуудлаа амжилттай шийдвэрлэх нөхцөл ч бүрдчихнэ.

-Дэлхийн хүчирхэг улсуудын хөрөнгө мөнгө цутгаж буй энэ урсгалаас улсдаа татъя гэвэл хамгийн түрүүнд хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах шаардлага үүсэх байх, тийм үү?

-Тэгнэ. Хамгийн түрүүнд эрчим хүчний дотоод зах зээлээ чөлөөт өрсөлдөөний зарчимд шилжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалах баталгааг бий болгох хэрэгтэй. Тэгж  чадаагүй тохиолдолд дээрх боломж бол хоосон үлгэр төдий зүйл.

Манай улс 2007 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль баталж, 2015 болон 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ, Засгийн газар, холбогдох байгууллагуудын тогтоол, шийдвэр, журмаар зохицуулан “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлт” гэх бодлогын баримт бичгүүддээ тусган сэргээгдэх эрчих хүчийг хөгжүүлж байна гэж байгаа ч амьдрал дээр тунхаглалын чанартай явж ирлээ л дээ.

-Үнэ чөлөөлж байж л эрчим хүч рүү оруулж буй том хөрөнгө оруулалтыг татах нь гэж ойлголоо...?

-Ерөөсөө л тийм. Монголын эрчим хүчний салбарыг бүхэлд нь авч үзвэл алдагдалтай ажиллах хэмжээнд үнийн хатуу бодлогоор барьж байна л даа. Үлэмж хэмжээний татаасыг шууд болон шууд бусаар олгож зах зээлийн зарчмаар өөрөө өөрийгөө авч явах чадамжгүй болтол нь туйлдуулчихсан нь нууц биш. Үе үеийн Засгийн газрын тэсэж үлдэх, сонгуульд ялагдахгүй байх гэсэн өнөө маргаашаа бодсон ийм популист харалган бодлын золиос болсон ганц салбар нь эрчим хүч. Ард түмнийхээ хоол хүнс, өргөн хэрэглээний бараа, унаа тээвэр, харилцаа холбоо, орон сууцны хангамжийн асуудлыг зах зээлийн үнэ тариф, чөлөөт өрсөлдөөний зарчмаар тодорхой хэмжээнд шийдэж ирсэн шигээ эрчим хүчний үнэ тарифыг чөлөөлсөн бол өнөөдөр энэ салбарын хөгжил өөр байх байсан. Шинэ техник технологи, хөрөнгө оруулалт орж ирэлгүй гаднын улсаас хараат байдалтай, онд хэрхэн орох тухай сүр бадруулан ярьцгаасан хэвээр байгаагийн том шалтгаан нь үнэ чөлөөлөөгүй явдал шүү дээ. Хэрвээ үнээ чөлөөлчихсөн бол тавдугаар станц, Таван толгойн станц өдий болтол баригдаж чадаагүйн буруутныг хайн хөлөө жийлцэж суухгүй байсан.

-Сэргээгдэх эрчим хүчийг олон улсын хэмжээнд ийм өндөр төвшинд хөгжүүлсэн гарц шийдэл нь юу байсан бол?

-Олон улсын хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний технологийг өнөөгийн түвшинд хүртэл хөгжүүлэн өрсөлдөх чадвартай болгож, хөл дээр нь босгосон гол зарчим нь хүлэмжийн хий ялгаруулдаг үйлдвэрүүдээс нэмэлт татвар авч ногоон сан бүрдүүлсэн явдал.  Засгийн газар, байгууллага, хувь хүмүүсийн дэлхийн дулаарал, байгаль орчны бохирдлын эсрэг үйл ажиллагаанд зориулсан хандивыг уг санд төвлөрүүлэх замаар санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэж ирсэн байдаг. Дараагийн үе шатанд нь зарим улс орон дэмжих (ногоон) тарифын тогтолцоог нэвтрүүлсэн.  Уг тариф нь ил тод нээлттэй байж, хэрэглэгчид нь цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарлын эсрэг хувь нэмрийг оруулж байна гэсэн сэтгэлээр хандсан нь энэ салбарыг хөгжүүлэх том дэмжлэг болсон.

-Манай улсын хувьд сэргээгдэх эрчим хүчийг дэмжих ямар бодлого хэрэгжүүлж байгаа вэ?

-Манай орны тухайд 2007 онд баталсан Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн сэргээгдэх эрчим хүчний сан байгуулах тухай тавдугаар бүлгийг  2015 онд хүчингүй болгож, уг хуулийн 11 дүгээр зүйл УИХ-ын Байнгын хорооны тогтоолыг үндэслэн эрчим хүчний зохицуулах хорооноос “Сэргээгдэх эрчим хүчийг дэмжиж тариф”-ийг айл өрхөд 29.79 төг/кВт.ц-аар тогтоон хэрэгжүүлсэн байдаг. Нэг зүйлийг онцолж хэлэхэд дэмжих тариф гэсэн нэршил нь агуулгын хувьд  буруу ойлголт л доо. Сэргээгдэх эрчим хүчнийхэн үйлдвэрлэсэн цахилгааныхаа төлбөрийг л авч байгаа. Ер нь дэмжих тариф гээч зүйлийг бий болгосон нь зах зээлийн зарчим, шударга өрсөлдөөний талаасаа зөв зүйтэй ч ганц энэ алхмыг дангаар нь хэрэгжүүлээд үр дүн багатай. Дэлхий даяар сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлж ирсэн энэ зарчмыг манайд эсрэгээр нь хэрэгжүүлчихсэн. Шуудхан хэлэхэд бүтэлгүй оролдлого төдий зүйл болсон. Засгийн газар хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэггүй гэсэн базаахгүй шошгоосоо ч салж чадсангүй. Нэмэгдэж орсон орлого нь бүхэлдээ алдагдалтай ажилладаг салбарт нөхөөс төдийхөн үүрэг гүйцэтгэж,  иргэдийн дунд сэргээгдэх эрчим хүчний нэр хүндийг унагахаас хэтэрсэнгүй.

-Устөрөгчийн технологи ногоон эрчим хүчний ирээдүй гэж ярьж бичих болж. Энэ чиглэлд хөрөнгө оруулалт татах боломж хэр байгаа бол?

-XXI зууны эхний арван жилд Хойд Америкт хөгжиж эхэлсэн нүүрсний давхаргын метан хийн олборлолтын болон занарыг боловсруулж шатдаг хий, шингэн түлш гаргах, хийг шингэрүүлэн зөөвөрлөх технологийн хөгжил дэвшил ОХУ, Арабын орнууд зэрэг нефть, байгалийн хийн нөөцийн гол эзэмшигчдийн зах зээл дээрх тоглогчийн байр суурийг ганхуулсан. Ингэснээр дэлхий нийтийг хамарсан зөрчил мөргөлдөөнд  хүрээд байна л даа. Цаашид устөрөгчийн технологи хөгжсөнөөр улс орны хөгжил дэвшилд ногоон эрчим хүчний нийлбэр нөөц голлох хүчин зүйл болох ирээдүй харагдаж байна. Манай өмнөд хөрш БНХАУ болон Зүүн Азийн орнуудын эрчим хүчний хэрэглээ асар өндөр. Цаашид ч огцом өсөх дүр зурагтай яваа. Ийм үед ногоон эрчим хүчний нөөцөө ашиглаж мөнгө олох боломж бий. Манай улс ногоон эрчим хүчний том нөөцтэй. Өөрөөр хэлбэл эрчим хүч рүү чиглэсэн хөрөнгө оруулалтын энэ их урсгалын нэгээхэн хэсгийг Монголд татаж эрчим хүчний бүс нутгийн хэмжээний тоглогчийн байр сууринд очих далайцтай, амбицтай зорилтыг тавихад боломжгүй зүйл үгүй.

-Эрчим хүчний либералчлалаа шийдэж чадвал цахилгааны төлбөр хэчнээн хувиар нэмэгдэж байж тогтворжих бол?

-Эрчим хүчний салбарын либералчлалыг зүй зохистой шийдвэрлэж чадвал юуны түрүүнд хөрөнгө оруулалт татах орчин бүрдэнэ, өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Тодруулж хэлбэл салбар маань олон улсын хэмжээнд ч дотоодын зах зээл дээрээ ч өрсөлдөх чадвартай болж, техник технологийн шинэчлэл, хөрөнгө оруулалтын асуудал зах зээлийн өрсөлдөөний зарчмаараа шийдвэрлэгдээд явна гэсэн үг. Ийм  боломжтойг харуулсан судалгааг мэргэжлийн байгууллага хийсэн байдаг. Мэдээж хэрэглээний үнэ тодорхой хувиар өсөж таарна. Гэхдээ иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлөхүйц хэмжээгээр өсөхгүй. Олон компани өрсөлдөж, нийлүүлэлт нь өсөөд ирэхээр зах зээлийн жамаар үнэ тогтворжино. Бүр цаашлуулж харвал олон компани зах зээлийн жамаараа өрсөлдөх тусам үнэ буух ч боломж бий.  Энэхүү өөрчлөлтийг цаг алдалгүй шуурхай эхлүүлэхийн зэрэгцээ хүн амын орлого багатай хэсэгт Засгийн газар анхаарлаа хандуулж, тэдэнд шууд хандсан халамжийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгж чадвал эрчим хүчний хараат байдлаасаа гарч экспортлогч орон болох бүрэн боломжтой. Ингэсэн цагт ард иргэдээ найдвартай, хямд эрчим хүчээр хангаж, агаар, орчны бохирдлоо ч зүй зохистой шийдвэрлэн хэдэн их наядаар нь утаанд үр дүнгүй зарцуулан хэрэлдэцгээж суухгүй болох юм.