О.Амартүвшин: Монгол Улс болон ОХУ-ын гадаад худалдааны нийт эргэлт 2022 онд 2.7 тэрбум ам.долларт хүрчээ

О.Амартүвшин: Монгол Улс болон ОХУ-ын гадаад худалдааны нийт эргэлт 2022 онд 2.7 тэрбум ам.долларт хүрчээ

“Монгол-Оросын бизнес форум” өнөөдөр /2023.03.23/  МҮХҮАТ-д болж байна. Тус форумыг нээж МҮХҮАТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин үг хэллээ.

Тэрбээр "Оросын Холбооны Улсын Эрхүү мужийн амбан захирагч ноён Игорь Иванович Кобзев, Оросын Холбооны Улсын Эрхүү мужийн Эдийн засгийн хөгжил, аж үйлдвэрийн сайд Хатагтай Наталья Геннадьевна Гершун, Оросын Холбооны Улсын Монгол Улс дахь Худалдааны төлөөлөгч ноён Максим Викторович Васильев, Дорнод Сибирийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч ноён Алексей Иванович Соболь болон “Монгол-Оросын бизнес форум”-д хүрэлцэн ирсэн хоёр орны хүндэт зочид, төлөөлөгчид, бизнес эрхлэгчид

 Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье!

Дэлхий дахиныг хамарсан КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал суларч дэлхийн эдийн засаг, худалдааны эргэлт, тээвэр логистикийн нөхцөл байдал дахин сэргэж буй энэ чухал үед ОХУ-ын Эрхүү мужийн хүндэт төлөөлөгчид, бизнес эрхлэгчид Та бүхэн Монгол Улсад шинэ бизнесийн боломжуудыг эрэлхийлж өргөн бүрэлдэхүүнтэйгээр зочилж байгаад бид туйлын талархалтай байна.           

Монгол Улс болон ОХУ нь түүхэн уламжлалт найрсаг харилцаа, бизнесийн өргөн хамтын ажиллагаатай бөгөөд сүүлийн жилүүдэд бизнесийн шинэ боломжууд бий болж олон салбарт хамтын ажиллагаа эрчимжин гадаад худалдааны нийт эргэлт цар тахлын үед ч улам бүр нэмэгдэж 2022 оны байдлаар 2.7 тэрбум ам.долларт хүрсэн үр дүнтэй байгааг харахад таатай байна.

Хэдий тийм боловч Монгол Улс нь ОХУ-аас түлхүү нефтийн бүтээгдэхүүн, ган, химийн бордоо, эрчим хүч зэрэг нийт 2.6 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолсон бол ОХУ руу зөвхөн 91.6 сая ам.долларын дүн бүхий хайлуур жонш, үнэт металл, хүдэр зэрэг уул уурхайн бүтээгдэхүүнийг түлхүү экспортолсон байгаа нь цаашид хоёр орны бизнес эрхлэгчдийг холбох, харилцан ашигтай худалдаа, бизнесийн харилцааг нэмэгдүүлэх,  худалдаанд тулгарч буй саад бэрхшээлүүдийг арилгахад хувийн хэвшлийн төлөөллийн байгууллагууд, худалдаа аж үйлдвэрийн танхимуудын нягт хамтын ажиллагаа шаардлагатай байгааг харуулж байна.    

Эрхүү мужийн хувьд Монгол улстай газарзүйн хувьд ойр байршилтай тул хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гол гүүр болдог бөгөөд 2022 онд тус мужаас Монгол Улс руу 170.0 сая ам.долларын бараа, үйлчилгээг экспортолж Монгол улсаас 3.6 сая ам.долларын бараа, үйлчилгээг, импортолсон байна.

Манай орны нийт экспортын 92 хувийг уул уурхайн бараа, бүтээгдэхүүн эзэлж, үлдсэн найман хувийг уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний экспорт бүрдүүлдэг тул цаашид уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх чиглэлд голлон анхаарч хөдөө аж ахуйн гаралтай ноос ноолуур, мах махан бүтээгдэхүүн, арьс шир, самар зэрэг бүтээгдэхүүнийг ОХУ-ын зээлд экспортлохыг илүү сонирхож байна.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалт, төр хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэх хууль эрхзүйн орчино сайжруулах ажлыг  шат дараатай хэрэгжүүлж хөрөнгө оруулалтын тогтвортой, таатай нөхцөлийг бүрдүүлсэн хөдөө аж ахуйн парк, хилийн боомтуудыг түшиглэсэн чөлөөт бүсүүдийг бий болгосон. Та бүхэн хөрөнгө оруулж бизнесээ өргөжүүлэх, эдгээр чөлөөт бүсүүдийг түшиглэн 3-агч орнуудаас бараа бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмжийг ОХУ-ын зах зээл рүү импортлох бүрэн боломжтойг онцлохоос  гадна зарим бараа бүтээгдэхүүнүүд, ялангуяа махны чиглэлийн хамтарсан үйлдвэрүүд Монгол Улсад байгуулах тохиолдолд ОХУ руу татварын хөнгөлөлттэйгөөр экспортлох боломжтой сайхан мэдээг дуулгахад таатай байна.

Өнөөдрийн энэхүү хамтарсан бизнес-форум нь манай хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа, түншлэлийн ач холбогдлын илэрхийлэл бөгөөд Монгол Улсын болон ОХУ-ын Эрхүү мужийн бизнес эрхлэгчдэд харилцан ашигтай хамтын ажиллагаа, шинэ харилцаа холбоогоо нэмэгдүүлэх үр дүнтэй талбар болж хоёр орны худалдаанд тулгамдаж буй саад бэрхшээлийг арилгахад шинэ санал, санаачилга гаргасан хоёр орны эдийн засаг, гадаад худалдааг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулсан үр дүнтэй арга хэмжээ болно гэж итгэж байна.

Энэхүү завшааныг ашиглан тус форумыг зохион байгуулахад хамтарч ажилласан Дорнод Сибирийн Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын холбооны хамт олонд талархлаа илэрхийлэхийн ялдамд цаашдын ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Ингээд, өнөөдөр хүрэлцэн ирсэн Та бүхэнд дахин талархал илэрхийлэн “Монгол-Оросын бизнес форум”-ын үйл ажиллагааг нээж ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

 

Та бүхэнд амжилт хүсье!" хэмээлээ.




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө