"Нүүрс"-ээ биржээр зарж хулгайтай тэмцэж, үнэд хүргэж байгаа ч хятадууд өндөр үнээр авахгүй байх эрсдэлтэй тулгараад байгаа аж

"Нүүрс"-ээ биржээр зарж хулгайтай тэмцэж, үнэд хүргэж байгаа ч хятадууд өндөр үнээр авахгүй байх эрсдэлтэй тулгараад байгаа аж

Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний /2022.12.14/ өдрийн 466 дугаар тогтоолоор батлагдсан "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам"-ын хүрээнд нүүрсний арилжаанд оролцогч талууд болох нүүрс худалдах болон худалдан авах сонирхол бүхий этгээдүүдийг оролцуулсан туршилтын дуудлага арилжааг 2023 оны нэгдүгээр сарын 12-ны /2023.01.12/ өдөр зохион байгуулсан.

Монголын хөрөнгийн биржээр нүүрсийг арилжаалахдаа ам үнэ бус хил үнээр арилжаалж байгаа. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-г тойрсон нүүрсний хулгайн хэрэгтэй ижил төстэй хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх боломжтой гэж үзсэн.

Гэвч хил үнэ нь худалдан авагч талаас хэт өндөр өртөг шаардаж байгаа тул манай орны нүүрсний гол худалдан авагч компаниуд Монгол нүүрснээс татгалзах шинжтэй байгаа аж.

Тодруулбал, Хятад улс өнгөрсөн онд 290 сая тонн нүүрс импортолсон дэлхийн хамгийн том нүүрс хэрэглэгч орон болсон. БНХАУ анх Австралийн нүүрсний гол худалдан авагч байсан бол 2020 онд коронавирусийн хөл хорио, Huawei компани болон улс төрийн бусад маргаан зэргээс болж хоёр улсын харилцаа муудсан. Үүнээс улбаалан Бээжин Австралиас нүүрс зэрэг олон төрлийн түүхий эдийн импортдоо хязгаарлалт тогтоосон юм.

Харин Bloomberg News нэгдүгээр сард /2023.01/ эх сурвалжаас иш татан мэдээлснээр, “БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо нэгдүгээр сарын эхээр төрийн өмчит дөрвөн аж ахуйн нэгжид Австралиас нүүрс импортлохыг эхний ээлжид зөвшөөрөхөөр төлөвлөж байсан ч энэ сарын дундуур БНХАУ, Австралийн нүүрсний импортод тавьсан хоригоо бүрэн цуцалсан” гэсэн юм.

Харин Хятад улс Австралиас нүүрс авах импортоо сэргээсэн нь манай орны гол экспортын бараа болох нүүрсийг худалдаалахад сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Манай орны хувьд хил үнээр арилжаалах нь ашигтай ч худалдан авагч, харилцагч талд алданги ихтэй. Хятадын нүүрсний хэрэгцээ өндөр учир манай улсаас арилжаа хийхээ зогсоохгүй нь тодорхой боловч арилжаа, хил үнэ буурахад томоохон түлхэц болохоор харагдаж байна. Үүнээс үзэхэд Монголын хөрөнгийн биржээр нүүрс арилжаалж буй нь хулгай, луйврын хэргээс сэргийлж чадаж байгаа хэдий ч харилцагчаа алдах хоёр талтай болоод байгаа аж.