“Жирийн иргэн” болсон Ж.Мөнхбат Монголд буцаж ирэхгүй бол, Т.Аюурсайхан, Б Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарыг УИХ-ын гишүүнээр нь авч үлдэхээр тохирчээ

“Жирийн иргэн” болсон Ж.Мөнхбат Монголд буцаж ирэхгүй бол, Т.Аюурсайхан, Б Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарыг УИХ-ын гишүүнээр нь авч үлдэхээр тохирчээ

“Нүүрсний” гэх хэрэгт яллагдагчаар татагдсан Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээс нь өөрийнх нь хүсэлтээр энэ долоо хоногт чөлөөлсөн бол, Т.Аюурсайханы Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаасаа татгалзах өөрийнх нь хүсэлттэй УИХ танилцаж, улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнийг Засгийн газрын гишүүнээс нь чөлөөлөх шийдвэрийг өчигдөр /2023.03.24/ гаргалаа.

-Т.АЮУРСАЙХАН “УИХ-ЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХЭЭСЭЭ ТАТГАЛЗАХ” ХҮСЭЛТЭЭ Г.ЗАНДАНШАТАРТ ӨГӨЛГҮЙ АВЧ ҮЛДЖЭЭ-

Харин Т.Аюурсайханы өмнө нь гаргасан “УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзсан” хүсэлтийг нь өнөөдөр хэн ч ярихгүй байгаа нь анхаарал татаж байгаа юм. Учир нь тэрээр өнгөрөгч хоёрдугаар сарын 06 /2023.02.06/-ны өдөр “Миний бие УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлаас татгалзаж байж аливаа нөлөөлөл, саад тотгоргүйгээр зохих ёсоор шалгуулж, хууль, шүүхийн өмнө үнэн мөнөө тогтоолгох хүсэлтэй байна” гэсэн хүсэлтийг УИХ-ын дарга Г.Занданшатарт гаргаж байсан юм.

Гэтэл түүний энэ хүсэлтийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, “Т.Аюурсайхан ганцхан сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ л өгсөн. УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй” гэж мэдэгдсэн нь олон хүний гайхширлыг төрүүлсэн гэхэд болно.

Т.Аюурсайханы УИХ, Засгийн газрын гишүүнээсээ түдгэлзэхээр гаргасан өргөдөл. 2023.02.06

Тэгвэл Т.Аюурсайхан УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт өгөлгүй өөртөө авч үлджээ. Энэ талаар өчигдөр /2023.03.24/ Хууль зүйн сайд Х.Нямбаатар “УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх өргөдөл чинь яасан вэ” гэж асуухад Т.Аюурсайхан гишүүн тодорхой хариулт өгөөгүй юм.

-НҮҮРСНИЙ ХЭРЭГТ ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДСАН ГИШҮҮДИЙН “БҮРЭН ЭРХИЙГ НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАХ ПРОКУРОРЫН САНАЛЫГ ДЭМЖИХГҮЙ-

Харин өчигдөр /2023.03.24/ Улсын ерөнхий прокурорын газар /УЕПГ/-аас "Нүүрсний хэрэг"-т яллагдагчаар татагдан шалгагдаж буй УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг УИХ-ын дарга Г.Занданшатар даргад хүргүүлсэн.

Энэ талаар Г.Занданшатар хэвлэлд өгсөн тайлбартаа, “ард түмний элч төлөөлөгчийн мандатын асуудал учир хариуцлагатай хандана. Энэ бол хувь хүний асуудал биш” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

Тэгвэл УЕПГ-аас ирүүлсэн Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналыг дэмжихгүй байхаар парламентын гишүүд тохирсон гэх мэдээлэл байна. Учир нь парламентын тархлаа чухал, ингэхгүй бол УИХ-ын гишүүдийг хуулийн байгууллага шалгах нэрийдлээр нэг, нэгээр авч яваад байх ярилцаж, эхний байдлаар тохирчээ. Иймдээ ч гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх УЕПГ-ын саналд УИХ-ын дарга Г.Занданшатарын “хариуцлагатай хандана” гэж мэдэгдсэн нь ч үүнтэй холбоотой аж.

Харин энэ долоо хоногт Ж.Мөнхбат УИХ-ын гишүүнээсээ огцорч “жирийн иргэн” болсон. Одоо түүнийг “нүүрсний хэрэг”-т холбогдуулж, хуулийн байгууллагад шалгахад УИХ-ын гишүүний халдашгүй байдал нөлөөлөхгүй гэсэн үг. Гэсэн хэдий ч тэрээр бүрэн эрхтэй байхдаа Монгол Улсын хилээр гараад явчихсан, гадаад орон байгаа. Тэрээр энэ тухайгаа “Би ээжийгээ эмчлүүлээд БНСУ-д байна” хэмээн тайлбарласан гэж буй. Харин түүний зарим эх сурвалжууд, “Ж.Мөнхбат эх орондоо эргэж ирэхгүй” гэж байгаа юм. Мөн тэрээр манай сайтад өгсөн тайлбартаа, “би дахиж УИХ-ын болохгүй” гэсэн. Энэ бүхнээс үзвэл тэрээр эх орондоо эргэж ирэхгүйгээр гадаадын орныг зорьсон байж магадгүй юм.