Б.Лхагвасүрэн: Бусдыг дуурайж гайхуулах биш “хүн яг өөрийнхөөрөө байх гоё” гэдгийг харуулахаар хөдөөнөө бичлэг хийдэг /ВИДЕО/

Б.Лхагвасүрэн: Бусдыг дуурайж гайхуулах биш “хүн яг өөрийнхөөрөө байх гоё” гэдгийг харуулахаар хөдөөнөө бичлэг хийдэг /ВИДЕО/

Улсын нийслэл Улаанбаатар хотод Монгол Улсын хүн амын гуравны хоёр нь төвлөрч шахцалдаж утаагаар амьсгалж, уур бухимдалдаа дарагдаж суухад тал нутагт малчны хотонд төлийн дуу хангинаж, эзэнгүй талдаа дуу аялан давхих хөдөө нутгийн ард даан ч нэг санаа зовох үйл бага.

Үнэн хэрэгтээ "Дээдсээс өвлөсөн малчин заяа Дэлхийд ховорхон морьтой заяа" хэмээн дуулахад дагаж дуулахгүй, аяыг нь мэдэхгүй хүн байхгүй ч авиа гаргавал ОРК болох мэт мал аж ахуйн амьдралаа үгүйсгэж хөлтэй болгон хүрээ бараадах болсон энэ үед хөдөө өсөж өндийж, мал маллаж буй бодит байдлыг бичлэгтэй шингээж хүн өөрийнхөөрөө амьдрах сайхан гэх алсын зорилготой богино бичлэг хийдэг нэгэн малчин хүүг бид энэ удаа онцоллоо.

ВИДЕО: 

Түүнийг Буяннэмэх овогтой Лхагвасүрэн гэдэг. Одоо 18 настай. Төв аймгийн Жаргалант сумын ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч юм. Амралтаараа аав ээждээ тусалж хөдөө байдаг учир бидэнтэй ярилцах үеэр төл малын их ажлынхаа дундах хэсэгхэн заваараа ийнхүү сэтгэгдлээ хуваалцсан билээ. Тэрбээр ярилцлагын үед үргэлж инээмсэглэж, гаргаж буй үйлдэл хэлж буй үг болгон нь үнэн болоод чинь сэтгэлийн байв. "Аан хүн байгаа даа хангалуун жаргалтай байна гэдэг чинь мөнгөний биш сэтгэл зүйн асуудал байж шүү дээ гэх бодол" энэ хүүг хараад танд ч бас өөрийн эрхгүй бодогдоно биз ээ.

-Хэзээнээс богино бичлэг хийж эхэлсэн. Санаагаа яаж олдог вэ?

-Энэ оны нэгдүгээр сарын 20-оос эхэлж reel хийж эхэлсэн. Санаагаа зүгээр сууж байгаад юу хийх вэ гээд толгойн дотор орж ирсэн зүйлээрээ хийдэг. Хийчхээд өөрөө бичлэг эвлүүлдэг аплейкшнаар тааруулж эвлүүлээд тавьдаг.

-Гэр бүлийнхэн нь бичлэгийг нь үзээд хэрхэн хүлээж авсан бэ?

-Гоё л хүлээж авдаг даа. Хааяа зарим бичлэгт утас барьж өгнө. Аав маань анх бичлэг үзэж эхлээд "гайгүй инээдтэй юм хийдэг шүү" гэж байсан. Сүүлд их хүн үзээд эхэлсэн од гээл “фейсбүүк од” гэдэг болсон.

-Нэг өдрийн амьдралаа товч танилцуулбал?

-Өглөө гадаа байгаа үхрүүдээ гаргаж, хөөж явуулаад хурга ишгээ ялгаж үлдээгээд, гадуурх үхрийн баасаа цэвэрлэдэг. Тэгээд дундуур нь зав гарвал тэр заваараа амжуулж бичлэг хийж тавьдаг. Тэгээд орой хонио хашиж тэжээлийг нь өгөөд ажил дуусахаар зохиол болон суурь юмаа хийж, ажилладаг.

-Чиний бичлэгийн бусдаас ялгарах онцлог нь юу вэ. Юуг харуулахыг зорьж байна?

-Ер нь ихэнх бичлэг дээрээ бусад бичлэг хийдэг хүмүүсийг бодвол хараалын үг бага хэрэглэдэг. Ер нь хараалын үг тустай биш. Бас бусдыг дуурайж би одоо ийм гоё машинтай болсон. Та нар хардаа би ийм хувцастай. Ийм хоол идэж байна гэхээс илүү байгаа байгаа даа сэтгэл хангалуун яг өөрийнхөөрөө бусдыг дуурайхгүй байвал хүн аз жаргалыг мэдэрнэ. Одоо байгаа байдалдаа л сэтгэл хангалуун байж улам хичээвэл тэр хүмүүсээс илүү жаргалтай байна гэдгийг харуулахыг хичээдэг гэх юм уу даа. Бусдад яг өөрийнхөөрөө байгаарай гэдгийг харуулах гэж л бичлэг хийдэг юм.

-Ахлах сургуулиа төгсөөд ямар мэргэжилтэй болго гэж боддог вэ?

-Зурагт үзэх дуртай болохоор зурагтаар гардаг хүн болохыг багаасаа мөрөөдөж ирсэн. Төгсөөд СУИС-ийн жүжигчний ангид орох зорилготой байгаа. Ямартай ч шалгалтыг нь өгч үзнэ дээ.

-Эрэгтэй хүүхэд болохоор аав, ээж нь хөдөө гарч үргэлжлүүлэн малаа малла гэж байсан уу?

-Би өөрөө жүжигчин болмоор байна гээд бичлэг сонирхоод байсан болохоор ч тэр юм уу. Аав, ээж маань миний хүү хүссэнээ хий. Гол нь дуртай юм аа хийж л хоолоо олж идээрэй л гэсэн дээ.

-Чиний хувьд хөдөө аав ээждээ туслаж мал аж ахуй эрхлээд хэдэн жил болов?

-Намайг бага байхад манайх хотод байсан. Тэгээд мал аваад намайг дөрөвдүгээр ангид байх үеэс хойш нүүж ирээд найман жил амьдарч байна.

-Хөдөө амьдрахын юу нь хамгийн сайхан санагддаг вэ?

-Ер нь малтай байхад нэг их мөнгө шаардлагагүй. Зүгээр гурил, будаа хэрэглээгээ л авна. Тэрийгээ малынхаа ашиг шимээр авдаг. Төв суурин газар болохоор хүмүүс мөнгө бодоод яаж мөнгө олох вэ гээд өөрсдийгөө зовоогоод байж байдаг шүү дээ. Хөдөө болохоор зүгээр малаа хараад хээр сууж, хонь хараад байж байх гоё. Өөр санаа зовох зүйл байхгүй.

-Хөдөө гарах, мал маллах хүүхэд олдохоо байсан цаг шүү дээ. Ихэнх хүн хөдөө өссөнөө хүртэл нуудаг болсон. Энэ талаарх сэтгэгдлээ бидэнд хуваалцаач?

-Хөдөө мал маллаж амьдрах муухай биш. Харин эсрэгээрээ хотод амьдарснаас илүү гоё юм шүү дээ. Одоо үеийн зарим хүүхдүүд малаа яаж маллах уу гэдгийг мэдэхгүй. Мал дээр өсөөгүй болохоор хөдөө байхыг хүсдэггүй юм шиг байгаа юм. Их ажилтай хэцүү гэж боддог байх. Хэцүү ч гэсэн хөдөө байгаад сурвал амархан ч юм шиг гоё байдаг. Гол нь энэ хээр талын хаана ч хөдөөгийн хүн бол хүн чанар, эрхэмлэх ёстой өөрийн жинхэнэ мөн чанраа хаядаггүй юм байна лээ.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.

-Миний ярилцлагыг үзсэн, уншсан та бүхэнд баярлалаа. Одоо би явахгүй бол болохгүй байна. Гадаа хонь мал маань арай хол явсан байна. Тэгэхээр дуустал нь үзсэн, сонссон хүн бүхэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье. Тэгээд миний бичлэгийг үздэг хүмүүс. Намайг дэмждэг хүүхдүүд үзэж байвал "хайртай шүү. За баяртай би хониндоо явлаа.