The Hu хамтлаг дэлхийн олон улсыг нэгэн дор Метаверст цуглуулж, Монгол өв соёлоор аялуулжээ

The Hu хамтлаг дэлхийн олон улсыг нэгэн дор Метаверст цуглуулж, Монгол өв соёлоор аялуулжээ

The Hu Метаверст тоглолт 2023 оны 3 сарын 30, 31-ний өдрүүдэд Ази, Европ, Америкийн гурван бүсэд амжилттай хийгдсэн байна. Уг виртуал тоглолтоор 60 гаруй минутын хугацаанд шилдэг есөн уран бүтээлээ фэнүүддээ хүргэжээ. Ингэснээр Хү хамтлагийн тоглолтоор дамжуулан дэлхийн олон улсын үзэгчдийг Метаверст нэгэн дор цуглуулж, Монгол өв соёлоор аялуулсныг тэмдэглэх нь зүйтэй.

Тоглолтод оролцогсод хамтлагийн гишүүдээс өөрийн хүссэн дуучны дүрийг бүтээж, бодит амьдрал дээр боломжгүй үзэгдлүүд, гараар бүтээх боломжгүй тайзны шийдэл бүхий орчинд Хү хамтлагтай гайхалтай агшныг өнгөрүүлжээ.

Уг тоглолтоор Монгол үндэснийхээ өв соёл, түүхийг урлаг соёлоороо дамжуулан дэлхийд таниулахаас гадна урьд хожид байгаагүй бизнес моделыг бий болгож буйгаараа өнөө цаг үед чухал ач холбогдолтой нь чамлахын аргагүй том дэвшил гэж хэлж болно. Ийнхүү Метаверс буюу дижитал ертөнцөд Монголчууд, Монголын урлагийнхан хоцорсонгүй. Магадгүй зарим улс орноос түрүүлж алхаж чадаж байна. Хамгийн тэмдэглүүштэй нь, Монгол Улсын хөгжлийн түвшин, гадныхны төсөөлөл, Монгол хүний үнэлэмжийг цоо шинэ түвшинд гаргалаа. Виртуал орчинд хийгдсэн уг тоглолтыг Ард Санхүүгийн Нэгдэл болон МетаФорс, ВЭП Энтертайнмент, Гэртүүн, Креатив Трэнд зэрэг технологи, санхүүгийн компаниуд хамтран ажиллаж, дэлхийд анх удаа мета рок концертыг зохион байгуулсан юм.