СУРВАЛЖИЛГА: Орон сууцны зай талбайд тохируулж шийдсэн стандартын бус тоглоомын талбай хүүхэд гэмтэх эрсдэлтэй орчин болж байна /ВИДЕО/

СУРВАЛЖИЛГА: Орон сууцны зай талбайд тохируулж шийдсэн стандартын бус тоглоомын талбай хүүхэд гэмтэх эрсдэлтэй орчин болж байна /ВИДЕО/

Хүүхдийн тоглоомын талбайг стандартын дагуу тохижуулснаар хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд өсөх эрхийг хангах нөхцөлийг бүрдүүлэхэд ач холбогдолтой. Энэ хүрээнд Стандарт, хэмжил зүйн газраас баталсан хүүхдийн тоглоомын талбайн ерөнхий шаардлага байдаг ч энэ ньманай улсад хэрэгждэггүй.

Жишээлбэл тус шаардлагад тоглоомын талбайн орц гарцад хүүхдийн тоглох нас түргэн тусламжийн утастай самбар байх, талбайн 20 хувь нь ногоон байгууламж байх, бүрэн камержуулсан, таван цаг наранд харагддаг газар байх ёстой гэдэг ч нийслэлийн ихэнх тоглоомын талбай стандарт хангаагүй. Орон сууцны булан тохойд баригдсан байдгаас үүдэж хүүхдүүд бэртэж гэмтэх цаашлаад амиа алдах эрсдэлтэй орчин, томчуудын архины саад болоод буй. Иймд бид урин дулаан цаг ирж буйтай холбогдуулан хүүхдээ хараа хяналттай тоглуулах, эврэлтэй, стандарт бус талбайд гаргахгүй байх зэргийг сэрэмжлүүлэх үүднээс дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

ВИДЕО: 

Тоглоомын талбайд тоглож байгаад бэртэж гэмтсэн, амиа алдсан хүүхдийн тухай харамсалтай хэрэг жил бүр гардаг. Тухайлбал, 2018 онд гадаа тоглож байсан 10 настай хүү тогонд цохиулан амиа алдсан. 2020 онд тоглоомын талбайд савлуур нурж 12 настай хүүхдэд ноцтой гэмтэл учруулсан гээд гэмтэл бэртэл авсан хүүхдийн тоо 2020 оны байдлаар 5000 давсан. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.

Иймд холбогдох байгууллагуудаас хяналт шалгалт явуулснаар зарим нэг тоглоомын талбай шинэчлэгдсэн хэдий ч одоог хүртэл эвдрэл гэмтэлтэй эрсдэлтэй талбай хүүхдийн тоглох орчинд байсаар байна. Тодруулбал, Хотын стандарт хэмжил зүйн газраас өнгөрсөн гуравдугаар сард нийт 44 байршлын тоглоомын талбайд хяналт шалгалт хийхэд 60 хувь нь эрсдэлтэй байжээ. Ингэхдээ тоглоомын талбай бүрэн бус, эвдрэл ихтэй, тоглоомууд стандартын бус, хуучирч муудан, ашиглалтын шаардлага хангахгүй болсон, гулсуур хэт налуу зэрэг нийтлэг зөрчил илэрч, хяналт шалгалт үргэлжилж байгаа.

Түүнчлэн өнгөрсөн оны зургадугаар сарын байдлаар нийт тоглоомын талбайн 82 хувь нь хүүхэд тоглож байгаад унасан тохиолдолд бэртэж гэмтэхээр цемент, шороон гадаргуутай, стандартын дагуу хийгдээгүй талбайнууд байжээ.

Иргэд "Хашлагатай бүрэн бүтэн тоглоомтой талбай маш ховор. Дандаа хэмхэрсэн, эвдэрсэн байдаг. Дээрээс нь орон сууцны булан тохойд барьчихсан. Манай байр гэхэд найман байрны дунд ганц л гулсуур бүхий жижиг талбайтай. Хүүхдийн тоглох хэсэгт зөөлөвчгүй нь дийлэнх байдаг. Чанар стандартыг ярих ямгүй маш муу. Зарим талбай бол зөөлгөвч дэвссэн харагддаг. Тэд нь тэгээд битүү хүүхэдтэй. Бохир заваан. Харин ихэнх нь цемент нь шалтай. Тоглоомууд нь эвдэрч гэмтэж байсан. Хурд хороолол зэрэгт байгаа зүлэгтэй, цэвэрхэн, том зайтай талбай байдаг юм байна лээ. Яг энэ жишгээр хотын бусад тоглоомын талбайг сайжруулаасай гэж хүсэж байна" гэсэн юм.

Харин хүүхдүүд "Арай зайтай. Зөөлөвчтэй талбайд тоглохын тулд гэр сургуулиасаа зайтай газарт ихэнхдээ очдог. Савлуурын төмөр тасарч унаж гэмтэх, төмөр тоглоомд цохигдож гэмтэх, гулсуур нь хэт огцом байснаас толгойгоороо савж унах зэрэг нийтлэг тохиолдлуудаа яриад, тоглох үед томчууд орж ирээд тамхи татаж, хөөдөг. Бид бүх тоглоом нь шинэ талбайтай болмоор байн" гэв.

Бид уг сурвалжилгыг бэлтгэх үеэр гурван байршилд 10 гаруй тоглоомын талбайд очиход ихэнх задгай талбайд гулсуур болон стандарт хангахгүй ганц хоёр төмөр тоглоом бүхий орон сууцны зай талбайг харж шийдсэн тоглоомын талбай байсан юм. Харин Баруун дөрвөн зам болон Хангай хотхон орчмын талбай гадуураа хашлагатай тоглох талбайн хэсэн зөөлөвчтэй Улаанбаатар хотод тэр болгон таарахгүй талбай байсан ч ерөнхий стандарт мөн л байсангүй. Хэт хуучирснаас үүдэж гулсуур нь цөмөрч, хагарсан. Хэт өндөр налуу байршуулсан. Дасгал хийхэд зориулагдсан төмөр тоглоомууд нь эвдэрч, төмрүүд нь хурц өнцөг үүсгэж ил гарсан. Харуул хамгаалалтгүй зэрэг нийтлэг зөрчил харагдаж байлаа.

ФОТО: