Монголын агаарын тээврийн компаниуд он гарснаас хойш 324 мянган зорчигч тээвэрлэжээ

Монголын агаарын тээврийн компаниуд он гарснаас хойш 324 мянган зорчигч тээвэрлэжээ

Агаарын тээврээр он гарснаас хойш энэ сарын 4-ний хооронд 324 386 зорчигч тээвэрлэжээ. Тодруулбал, 234.121 зорчигч олон улсын, 90.265 нь орон нутгийн нислэгээр үйлчлүүлжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 145.8 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Тодруулбал, МИАТ ТӨХК 173.541, Аэро Монголиа ХХК 37.545, Хүннү Эйр ХХК 27.201, Туркиш Эйрлайнс 17.901, ЭйрЧайна 4.239, Ашиана Эйрланс 18.123, Изинис Эйрвэйс ХХК 6.178, Монголиан Эйрвэйс Карго ХХК 2.403, Кореан Эйр ХХК 33.427 зорчигч тээвэрлэсэн байна.

Засгийн газрын "Шинэ сэргэлтийн бодлого"-д агаарын тээврийг либералчлах, олон улсын нислэгийн тоог нэмж, орон нутгийн нислэгийг сэргээх зорилт тусган, 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан билээ.

Энэ хүрээнд Зам тээврийн хөгжлийн яам энэ онд агаарын тээврээр 1.5 сая зорчигч тээвэрлэхийг зорьж байгаа. Түүнчлэн шинээр агаарын харилцааны хэлэлцээрүүдийг байгуулж, нислэгийн тоо, давтамжийг 2-3 дахин нэмэн, нэг жилд 3 сая зорчигч тээвэрлэх боломж бүрдүүлээд байгаа ажээ.